Бөхийн спорт А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын өмч биш

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, МУГТ Г.Мандахнаран, өмгөөлөгч Батбаяр нарын хүмүүс хэвлэлийн хурал хийлээ. Тэд маргааш Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус хурлыг хуралдуулбал тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдэв. Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын байр суурийг хүргэж байна.
Дасгалжуулагч Ц.Цогтбаяр: Бид 2013-2016 онд Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийг дасгалжуулж байх хугацаандаа чамгүй амжилт гаргасан. Энэ бүх зүйлээ энэ нөхдийн яриад байгаа өргөтгөсөн хуралд сууж, тайлангаа тавих ёстой байдаг. Энэ асуудлуудаа хэлж, тайлангаа тавиад, зөв буруу, цаашид хэрхэн өөрчилж шинэчлэх асуудлаа яримаар байна гэхэд хуралд оруулахгүй ээ гэж байна. Мөн энэ хуралд Монгол улсын Гавьяатууд орох эрхтэй байдаг, та нар миний Гавьяат цолыг хурааж аваагүй байгаа юм чинь би ормоор байна” гэхэд ч оруулахгүй л гэсэн. Ер нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөх болон зарим амжилт гаргасан охидыг хүртэл хавчин гадуурхдаг. Энэ хугацаанд медаль авсан тамирчдынхаа дуу хоолойг яагаад сонсохгүй байгаа юм бэ, яагаад энэ тамирчдаа хүртэл их хуралдаа оролцуулахгүй байгаа юм бэ.
МЧБХ-ны Ерөнхий нарийн бичиг дарга өөрөө хуурамч визний хэргээр шүүхээс ял авсан хүнээ ажиллуулаад байгаа мөртлөө 36 жил тасарсан медалийг эх орондоо авчирах гэж эцсээ хүртэл тэмцсэн хоёр дасгалжуулагчийг үгүйсгэж байгаа нь харамсалтай. Энэ бүхнийг хаацаалайх гэж биднийг хуралд оролцуулахгүй байна. Маш хүнд байна. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд гээд байгаа нөхөд тамирчин, дасгалжуулагчдынхаа үнэн дуу хоолойг сонсохгүйгээр, төрийн тусгай хамгаалалт авч, төрийн тусгай ордонд өөрсдийн захиалгат хүмүүсээ авчирч хурлаа хийхээр төлөвлөсөн байна. Иймээс л би тэмцлийн хурц хэлбэрт ортлоо өөрийгөө шатаана гэж хэлсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Эд хэрвээ Төрийн ордонд тамирчин, дасгалжуулагчдыг оруулахгүй хурлаа хийвэл Төрийн ордны урд би “зулын гол” болоход бэлэн байгаа гэдгээ дахин сануулъя. Учир нь бөхийн спорт бол ард түмний хайртай спорт болохоос А.Сүхбат, Д.Сумъяабазар гэх мэт ганц хоёр хүний өмч биш.
Дасгалжуулагч Б.Баяраа: Бидний энэ тэмцэл бол Монголын чөлөөт бөхийн хөгжил, эрс шинэчлэлийн төлөө юм шүү. Чөлөөт бөхийг сонирхож байгаа хүүхдүүдийн хүмүүжил, тив, дэлхий, олимпод гаргах амжилтыг шинжлэх ухааны үндэстэйгээр бэлтгэхийн төлөө явна. Өөрсдийнхөө төлөө, хувийн ашиг сонирхлын үүднээс ийм зүйл хийгээгүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ