Гаалийн татварын хуулийн өөрчлөлтийг дэмжлээ
2016-11-22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11. 22/ хуралдаан 14 цаг 35 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гадаадад албан томилолттой байгаа тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг даргаллав.

 

 

Байнгын хорооны хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэн, улмаар 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэж орсон. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар чиглэл өгсөн гэдгийг дурдав.

 

 

Энэхүү хуулийн төсөлд хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг тус тус нэмж тусгалаа. Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор тусгасан. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээр, Гаалийн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд улсын төсөвт ямар нэг хүндрэл үзүүлэхгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцолж байв.

 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүдийн хувьд олон жилийн өмнө Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болчихоод өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай байгаагийн учрыг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй тарифын жагсаалтад хэчнээн орон багтаж, ямар хөнгөлөлт эдэлдэг талаар сонирхож байлаа.

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан болохоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх ёстой. Монгол Улс өмнө нь нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй болохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан юм. Өнөөдөр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан учраас хөнгөлөлтийн тарифыг мөрдлөг болгохгүй бол тус улсаас оруулж ирж байгаа худалдаанд 10 хувийн татвар ногдох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьж худалдааны татварыг тэглэх буюу эсвэл таван хувь болгох шаардлагатай байна гэж хариулав.

 

 

Уг хуулийн төслийн талаар үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-22