Д.Зоригт: Би дэд сайд болохгүй

Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал хэн болох вэ гэсэн асуулт өнөөдөр ч бүрэн төгс, баталгаатай хариултгүй байна. Одоогоор яригдаж байгаа хувилбараар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилж магадгүй. Хэрвээ түүнийг Эрдэнэт рүү явуулбал дэд сайдын суудал эзэнгүй үлдэнэ.
Тэгэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд хэн болох вэ гэсэн асуулт урган гарна. Хэвлэлд бичсэнээр дэд сайдын суудалд Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарын нэр яригдаж буй гэнэ.
Харин энэ яриаг Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт үгүйсгэлээ. Тэрбээр "Д.Зоригт миний бие дэд сайдын албан тушаалын марафонд орсон юм огт байхгүй, тийм сонирхол ч алга. Эрдэнэтийн захирал болох гээд хөөцөлдөж байна гэж баахан бичсэн. Тэр ч бас худлаа. Тийм сонирхол ч алга. Худлаа гэдгийг нь мэдэж байж ийм яриад гаргаад зориуд дэвэргээд байгаа намын нөхдүүддээ "битгий тэг" гэж хэлмээр байна" гэсэн тайлбарыг өглөө.
Д.Зоригт төр гэхээсээ илүү хувийн салбарт хүч үзэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Харин төрийн албыг мэргэшүүлэх, бэхжүүлэх хууль эрхзүйн орчныг боловсронгүй болгох чиглэлээр орон тооны бус зөвлөхөөр ажиллахад бэлэн буй аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ