Хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ
2016-11-23

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.23/ хуралдаан 15 цаг 09 минутад 63.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийн соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

 

2013 оны 12 дугаар сард Индонез Улсын Бали хотод болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын ес дэх удаагийн Бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирчээ. Уг хэлэлцээрийг далайд гарцгүй Монгол, Парагвай, Болив зэрэг орнууд 2003 онд Мексик Улсын Канкун хотноо зохион байгуулагдсан Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын тав дахь удаагийн Бага хурлын үеэр анх санаачилсан юм байна. Мөн уг протоколд нэгдэн орох асуудлыг дэмжиж, НҮБ-тай хамтран 2014 оны 6 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ач холбогдол" сэдэвт олон улсын хурал зохион байгуулжээ.

 

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын гуравны хоёр нь буюу 110 гишүүн орон нэгдэн орсноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд энэ сарын 11-ний байдлаар Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 164 орноос 96 нь хэлэлцээрт нэгдэн ороод байгаа аж. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь нийт 3 хэсэг, 37 заалттай юм.

 

Энэхүү хэлэлцээр нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсуудын гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх чухал ач холбогдолтойг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

 

Манай улс уг хэлэлцээрт манай нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түншүүдээс дэмжлэг туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажих; худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагаа тодорхойлсны үндсэн дээр чадавхиа бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг авах боломж бүрдэх; дэд бүтцийг барьж байгуулах, ялангуяа худалдааны корридор, хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, худалдааны зардлыг бууруулахад чиглэсэн хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 

Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагаас тусламжийн хөтөлбөрийг санаачилсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн гаалийн байгууллага зэрэг олон улсын байгууллагаас гадна бусад донор орнуудаас үзүүлэх техникийн туслалцаанд хамрагдах боломж бүрдэх учраас манай улс энэхүү хэлэлцээрийг анхлан санаачлагч орнуудын нэгийн хувьд идэвхитэй байр суурийг баримталсаар ирсэн бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй хэмээн Засгийн үзэж байгааг сайд танилцуулав.

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

 

Дараа нь Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 91.7 хувийн саналаар тогтоолын төслийг батлав. Бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн дипломат албыг чадавхижуулах, зардал бууруулах зорилгоор Гадаад харилцааны яаманд зарим асуудлаар чиглэл өгөхөөр уг тогтоолын төсөлд тусгасныг гишүүд дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Оюундарь нар тогтоолын төсөлд найруулгын чанартай зарим засвар оруулах саналаа илэрхийлсэн юм.

 

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын бүтэц, орон тоо, хүний нөөцийн чадавхид үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, Дипломат төлөөлөгчийн газруудын үндсэн чиг үүрэг, ажлын ачаалал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр ач холбогдол, байршлыг нь шинэчлэн тодорхойлж, шаардлагатай бол өөрчлөн зохион байгуулах санал бэлтгэх, Гадаад харилцааны яамны газар, нэгжүүд, ялангуяа Хөрш орнуудын газрын үйл ажиллагааны зорилт, чиглэлийг оновчтой тодорхойлж, чадавхи, албан хаагчдын мэргэшлийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах зэрэг чиглэлийг Байнгын хорооны тогтоолоор тус яаманд өгөхөөр тогтов. Энэ асуудлын хэрэгжилтийг Байнгын хорооны ирэх оны эхний хуралдаанаар хэлэлцэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
od.:
Oilgohgui bna
2016-11-24
dens dens munguur delhiigee hudaldsan saiduud guai:
HORIOD ONII YALZARSAN NOYD EDNII HAJUUD HUN BJ DEE
2016-11-23