ЭМЯ: Ажилчид техникийн спирт уусан байж болзошгүй

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид үл мэдэгдэх шингэн зүйл ууж хордсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
Урьдчилсан байдлаар “Зөв боломж” ХХК-ийн 23 ажилчинг техникийн спирт уусан байж болзошгүй хэмээн үзэж байна. Эцсийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргана гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Тухайн хүмүүс шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн аж. Үүний улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Мөн нэг хүн нь эмнэлэгт хүргэгдээд амиа алджээ. Одоогоор таван хүн эрчимт эмчилгээний тасагт, 10 хүн энгийн тасагт эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дорнод аймгийн Засаг даргын тамгийн газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Хууль зүйн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын хамтарсан шуурхай ажлын хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд ажиллаж, нөхцөл байдлыг тодруулж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ