Бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Анархүү сонгогджээ
2016-11-29

Тайландын Паттаяа хотноо энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ны өдрүүдэд 2016 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ болно. Уг тэмцээнд манай улсын 16 тамирчин, нэг олон улсын шүүгч оролцоно. Тамирчид өнөөдөр Паттая хотыг зорилоо.

 

 

Г.Угалзцэцэг: Өнгөрсөн жилийн амжилтаа бататгана

 

Тэмцээнд нийт 59 орны 600 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Манай улсаас:

 

  • Эрэгтэй бодибилдингийн залуучуудын75 кг - А.Бямбабаяр, Н.Чинзориг

 

  • Мастер ангиллын 50-59 кг – С.Дуламрагчаа

 

  • Насанд хүрэгчдийн 65 кг-ийн ангилал - ОУХМ Л.Саруул-Од, 75 кг-ийн жинд С.Дуламрагчаа

 

  • Атлетик фитнесс ангилал - Н.Батбаяр, Д.Энх-Эрдэнэ, ОУХМ Г.Жамц, Т.Чахар

 

  • Спорт модель ангилал - Н.Түвшинбаяр, У.Нямтулга, Г.Ганзориг

 

  • Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал -  Б.Бадамсүрэн

 

  • Эмэгтэйчүүдийн атлетик ангилал - ДАШТ-ий алтан медальт тамирчин ОУХМ Г.Угалзцэцэг, ДАШТ-ийн хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцэний алтан медальт тамирчин Г.Гансаруул

 

  • Эмэгтэйчүүдийн модель ангилал -  А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, М.Бакатгули нар оролцоно.

 

Мөн олон улсын шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын зэрэглэлтэй шүүгч С.Одбаатар оролцох юм.

 

Тамирчдыг төлөөлж ОУХМ Г.Угалзцэцэг “Ээлжит ДАШТ-нд маш том зорилго тавьж байна. Бэлтгэл сургуулилтаа өөрийн хэмжээнд хангалттай хийсэн. Өнгөрсөн жил ДАШТ-нд орж үзэх гэж яваад алтан медаль хүртсэн. Харин энэ удаад түүнийгээ хамгаалахыг зорьж байна. Энэ удаад атлетик фитнесс ангилалдаа орно. Өнгөрсөн жил өндрөөр нь 2 хувааж оролцуулж байсан. Харин энэ жил 3 хуваасан. Тиймээс манай улсаас энэ ангилалд гурван тамирчин явж байна. Гурвуулаа өөр өөр өндөрт оролцоно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Энэ удаагийн тэмцээнд  “Pepsi” брэнд туслалцаа үзүүлж байгаа аж. Улмаар баг тамирчны хувцсан дээр брэндийн логог байршуулжээ.

 

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны найм дахь ерөнхийлөгч

 

 

Энэхүү холбоо нь 1989 оноос хойш 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Уг холбоо 2013 оноос хойш ерөнхийлөгчгүй ажиллаж ирсэн бөгөөд өнөө жил шинэ  маркетингийг холбоондоо нэвтрүүлэх зорилгоор залуу удирдлагатай хамтарч ажиллахаар болжээ. Тус холбооны найм дахь ерөнхийлөгчөөр Г.Анархүү ажиллах аж.

 

Тэрбээр “Би одоо 26 настай. Залуу хүнд энэ их итгэл найдварыг хүлээлгэсэнд талархаж байна. Спорт гэдэг эв нэгдлийн бэлэг тэмдэг. Би  үндэсний дээд “Хүрхрээ лиг”-т өөрийн багтай.  Тиймээс баг, хамт олон, холбооны үйл ажиллагааг мэднэ. Манай аав ММСУХ-д 13 жил тасралтгүй ерөнхий нарийн бичгээр ажилласан. Тиймдээ ч би амьдралынхаа туршид спортын холбоодтой хамааралтай байсаар ирсэн. 2017 онд олон том төсөл хэрэгжүүлнэ. Улсын аварга, хотын аварга шалгаруулах тэмцээнийг өмнө зохиогдож байгаагүй томоохон хэмжээнд шоу хэлбэрээр зохион байгуулна. Мөн хоёрдугаар сард 30 сая төгрөгийн шагналын сантай реалити шоу хийнэ. Ерөнхийдөө ирэх онд ярьж биш хийж үзүүлнэ. Тун удахгүй эхлэх энэ оны ДАШТ-нд монголын баг тамирчид эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийн далбаагаа мандуулна гэдэгт итгэлтэй байна. Тамирчдын бэлтгэл өндөр түвшинд хангагдсан. Энэ хүмүүсээс дараа дараагийн Дэлхийн аварга төрнө гэдэгт би итгэж, найдаж байна” гэв.

 

Бодибилдинг, фитнессийн ДАШТ ирэх онд Монголд болно

 

 

Ирэх онд Улаанбаатар хотноо Бодибилдинг фитнессийн ДАШТ болно. Тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын бодибилдинг, фитнесийн холбоо хүлээн авч, бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Тэмцээн 2017 оны аравдугаар сарын 3-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Уг тэмцээнд 60-70 орны 700 гаруй тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene anarhuu hucheng.n hergeer shorond oroogui bgaa yum uu
2018-04-28
зочин:
Монголчууд бодибилдингийн спортоор дэлхийд өндөр амжилт үзүүлэх боломж маш өндөр шүү.Бие бялдрын хувьд Монголчууд гадны аль ч улсын иргэдээс үнэндээ дутахгүй.
2016-11-29
zochin:
AMJILT HUSIE.SAIN ZALUU.
2016-11-29