Пак Ын Хэ огцроход бэлэн гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ өнөөдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Миний бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө намайг огцруулах эсэхийг хуульд заасан журмын дагуу Үндэсний Ассамблей шийдэх болно” гэж хэлжээ.
Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ дотны найз Чой Сун Силээр хянуулдаг байсан, төрийн нууцад хамааралтай материал задруулсан, хандив нэрийн дор томоохон компаниудаас авлига авдаг хэмээн түүнийг буруутгаж буй юм. Уг хэргээс үүдэж солонгосчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсаар байна.
Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ үеэр “Хугацаанаас өмнө огцруулах асуудлуудыг Үндэсний Ассамблей шийднэ. Хэрвээ эрх баригч нам болон сөрөг хүчний нам эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр намайг огцруулах шийдвэр гаргавал би хуульд заасан журмын дагуу огцрохоо хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хэлжээ.
Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр Сөүл хотноо жагсч буй жагсагчдыг тарахыг уриалж, нэр холбогдоод буй хэргийнхээ төлөө ард түмнээсээ дахин уучлалт гуйсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ