Нийслэлийн засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа
2016-11-29

 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа Дүнжингарав дахь нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвд өнөөдөр хийлээ.



Уулзалтад нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн “Дестинейшнь Монголиа” компанийн захирал Ц.Отгонбат оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох, авто замын түгжрэлийг бууруулах талаар хамтран ажиллах санал тавьж байв. Тэрээр “Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирсон, нийтийн тээврийн хэрэгслийг дүүжин замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын түгжрэл бууруулах Канад улсын хөрөнгө оруулалттай төсөл байгаа. “Монрейль” төслийг хэрэгжүүлэхэд уул, гол зэрэг зүйлсээс шалтгаалах бэрхшээл байхгүй. Эхний ээлжинд Чингис хаан онгоцны буудлаас хотын төв рүү, мөн хотын хойд хэсэг рүү холбох төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр цаашид өргөсгөхөд зардал бага болох юм. Үүнээс гадна олон талын ач холбогдолтой” гэдгийг Засаг даргад танилцууллаа.


Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийтийн тээврийн асуудлыг иж бүрнээр нь авч хэлэлцэх хэрэгтэй байгаа. Хотын зүгээс гадаад болон дотоодын олон байгууллагатай уулзаж санал бодлоо солилцож байна. Улаанбаатарт хэрэгтэй байгаа хамгийн зөв, үр ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй шийдлийг олж гаргах хэрэгтэй юм. Та бүхний энэ санааг дэмжиж байна. Манай холбогдох албаны хүмүүстэй хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллах хэрэгтэй. “Монрейль” төсөл нь харьцангуй байгаль цаг уурын нөлөөлөл багатай, газар чөлөөлөлт шаардахгүй тул боломжтой гэж харагдаж байна. Хотын зүгээс дэмжин ажиллах болно” гэлээ.



Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Оргилболд цас арилгах төхөөрөмж зохион бүтээснээ хотын даргад танилцууллаа. Уг бүтээлээрээ анх 2012 оны “Залуу зохион бүтээгч” тэмцээнд оролцон хоёрдугаар байр эзэлж байжээ. Өнөөдрийг хүртэл төхөөрөмжөө нийт 28 удаа шинэчилж сайжруулсан аж. Цас хусах шанага болон ирийг нь сольж болдог байна. Төхөөрөмжийн борлуулалтын тал дээр хотын даргаас дэмжлэг хүсч буйгаа энэ үеэр тэрээр хотын даргад уламжилсан юм.



Баянгол дүүргийн иргэн Ч.Мөнхжаргал Улаанбаатар хотын гудамж, замыг сайжруулах, байгалийн гамшиг, аюулаас хамгаалах ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Хоттойгоо хамтран ажиллаж өөрийн мэддэг чадах бүхий л зүйлээ зориулан ажиллахад бэлэн байна. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан төсөл нэгжийг байгуулаад ажиллавал бид ус хангамжийг сайжруулж хуурай агаарыг чийгшүүлэн, усжуулалтын системээ сайжруулж чадах юм. Ингэснээр үер ба хөрсний усны аюулаас хамгаалж чадах юм” хэмээлээ.


 
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Дашдаваа нийслэлийн түүхийг 30 гаруй жил судалж, тэндээс олсон санаагаа нэгтгэж “Он цагийн дуртгал” цуврал бүтээл гаргаж байжээ. Цувралынхаа 14-р бүтээлийг “Монгол Улсын үе үеийн нийслэлийн түүхийн мөрөөр бэдрэхүй” хэмээх сэдвээр бичиж, хэвлүүлж байжээ. Тэрбээр олон жил нийслэлийн тухай судалж байсны дүнд зарим зүйл дээр өөрийн санаа бодлыг тусгахыг зорьж байгаагаа онцолж байлаа.  “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан санал хэлэхэд Нийслэлийн Эрхзүйн чадамжийг дээшлүүлэх ёстой. Хотын дарга хийж байгаа хүн Засгийн газрын гишүүн байх хэрэгтэй байна. Мөн хотын төвийн гудамжаар нийтийн үйлчилгээний төвүүдийг нэг дор төвлөрүүлж өгөх хэрэгтэй” хэмээн тэрээр саналуудаа хэлж байлаа.


Хан-Уул дүүргийн иргэн Г.Есүжинбаяр Засгийн газрын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн үйл явц, үр дүн цаашдын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбоотой асуудлууд дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Хэлмэгдэгсдийн цогцолборт хүрээлэн байгуулах, СХД-ийг ногоон дүүрэг болгох, Агро парк байгуулах зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцлоо.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Засаг даргын мөрийн хөтөлбөрт бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн байгаа. Зарим дүүрэг маань газраа товлоод ажлаа эхлээд явж байна. Холбогдох газруудад үүрэг чиглэлийг нь өгөөд энэ асуудал дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллана. Мөн салбарын сайдтай нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллана” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэлээллээ.
 

Shuud.mn
Сонин хачин