Богд хааны ордон музейнхэн дурсамжаа хуваалцана
2016-11-30

Богд хааны ордон музейн 90 жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” үе үеийн ажиллагсад, албан хаагчдын дурсамж уулзалтыг зохион байгуулж байна.

 

Энэхүү уулзалт нь музейн хөгжлийг бүтээлцсэн үе үеийн ажилтан албан хаагчдийн түүх, намтар, дурсамж дурдатгалыг тодруулах байгууллагын хөгжлийн замналыг тодруулах чухал ач холбогдолтой юм. Үеийн музейн удирдлага, ажиллагсадын үр хүүхэд, түүх, шашин, соёл урлагийн салбарын ажилтан, Богд хааны өргөмөл хүүхдүүдийн үр хойчис зэрэг олон хүмүүс цуглах аж.

 

Тэртээ 1926 онд Ардын Намын Төв Хороо Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 4-р сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргаснаар тус музейн үүсэл суурь тавигдсан түүхтэй. Музейг шинэтгэн байгуулах ажил 1926 оны сүүлчээр дууссан бөгөөд тухайн цаг үеийн түвшинд музей байгуулалтын хувьд дэвшилттэй үйл явдал болжээ. Улмаар 1954 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 464/46-р тогтоолоор Улсын төв музей байгуулагдах шийдвэр гарсны дагуу тус музей нь Улсын төв музейн харьяа музей болж байгаад 1961 оноос Богд хааны ордон музей болжээ.

 

Тус музей нь 1926 онд Үндэсний музей, 1940-1941 онд Орон нутаг судлах музей, 1954 оноос Улсын төв музейн харьяа музей, 1961-1990 онд Богд хааны ордон музей, 1991-1992 онд Шашны урлагийн музей, 1993-2000 онд Шашны түүхийн музей, 2000 оноос өнөөг хүртэл Богд хааны ордон музей гэсэн нэртэй ажиллаж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин