Улс төрөөс хараат болчих гээд байдагт анхаараарай
2016-11-30

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд  гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжив.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Гэтэл Боловсролын тухай хуульд заасан “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж заасан. Харин Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувьд төрийн төлөөлөл байна” гэж заажээ.  Эдгээр хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа тул Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хуулийн төслийг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Гантулга:

 

-Өнгөрсөн парламентын үед боловсролын байгууллагын дампуурал эхэлсэн. Тиймээс одоо хийх томилгоогоо улс төрийн өнцгөөс харж шийдэж болохгүй. Мэргэжлийн хүнээр сургуулиа удирдуулаасай гэж хүсч байна. Цаашид их дээд сургуулийн бодлогын өөрчлөлтийг бага хийгээсэй. Тэгэхгүй бол сайд гарч ирээд боловсролын шинэчлэл ярьдаг. Тиймээс боловсролын хуулиа юу юугүй өөрчилж болохгүй шүү гэдгийг Боловсролын яамныханд хандаж хэлмээр байна.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Удирдах зөвлөлийн 30 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл байна гэсэн заалтыг 51 болгох гэж байгаа юм байна.  Засгийн газар солигдох бүрт их дээд сургууль, коллежийн удирдлага солигддог. УИХ-ын зарим гишүүн төгссөн сургуулиараа далимдуулж Удирдах зөвлөлд орохыг эрмэлздэг. Би төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болмоор байна, манай сургуулийг төгсөөгүй хүн Удирдах зөвлөлд орох гээд байна гэх мэт гүйлдээд эхэлдэг. Тиймээс улс төрөөс хараат болчих гээд байдаг тал дээр анхаараарай.

 

Ийнхүү байнгын хорооны гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд дэмжлээ. Дараагаар нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. ХНХ-ын сайд Н.Номтойбаяр танилцуулгыг хийсэн юм.

 

Сайд Н.Номтойбаяр “Энэ тогтоолын төсөл нэр томъёоны өөрчлөлт холбоотойгоор хуулийг дагалдаж орж байгаа. Саяхан даатгалын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Монголын ахмадын холбоо, Монголын даатгуулагчдын холбооны төлөөлөл орж ирж байгаа. Мөн ажил олгогчдын төлөөлөл орсон хэмээлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Чинзориг:

 

-Өмнө нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг сайд нь ахалдаггүй байсан. С.Эрдэнэ гишүүнээс хойш салбарын сайд нь ахалдаг болсон. Үүний давуу болоод сул тал нь аль аль нь байгаа байх. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлдөө сайд нь байх нь зөв эсэх асуудлаар цаашид хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байх хэмээлээ. Ийнхүү  тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-30