Ю.Цэдэнбалын ойд зориулсан хурал болж байна
2016-12-1

 

Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын комисс, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Ю.Цэдэнбалын академи хамтран Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

 

Хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Цэл залуу 24-хөн наснаасаа нам, төрийн жолоог атгасан түүний засаглалын он жилүүдэд эрүүл, боловсролтой, сурч мэдэх, хийж бүтээх их үйлсэд шамдан тэмүүлсэн шинэ монгол хүн төлөвшиж,  Азиас Африк, Америк, Европ тивийг дамнан тусгаар улсын туг далбаагаа мандуулсан шинэ  Монгол Улс мэндэлсэн юм. Цагийн аяс өөрчлөгдөж, дэлхийн социалист систем нуран унахад тухайн үеийн социалист улс орнуудын удирдлагад байсан олон нам, төрийн зүтгэлтэн системтэйгээ хамт буруушаагдаж нэр төр, алдар хүнд, амь насаараа хохирсоныг та бид ХХ зууны сүүлийн 10-н жилийн дэлхий нийтийн түүхээс сайн мэднэ. Энэ  хатуу жам, удирдагчийн эмгэнэлт хувь тавилан ч Бал даргыг тойроогүй. Гэхдээ түүх өөрийн шүүлтүүртэй, түүхийг бүтээгч ард түмэн гай, гавьяа хоёрын ялгааг олж харах нүдтэй учир Юмжаагийн Цэдэнбал гэх энэ хүн Монголын ард түмний сайн нэр, сайхан үйлсээрээ дурсагдан хүндлэгдэж байна. Цаг үе нь түүнийг буруутгасан ч түүх түүнийг цагаатган зөвтгөж Монголын их түүхийн хүндэт хойморт залжээ” хэмээн онцлов.

 

Хурлаар Академич Ж.Болдбаатар “БНМАУ-ын бүтээн байгуулалтын он жилүүд: Ололт, бэрхшээл, үр дагавар”, Доктор, профессор Ц.Жамбалсүрэн “Лидерийн онолын үүднээс Ю.Цэдэнбалын үйл ажиллагааг шинжлэн дүгнэх нь” сэдвээр үндсэн илтгэлээ танилцуулав. Мөн нийт 20 хавсралт илтгэлийг эрдэмтэн судлаачид танилцуулах юм байна.  

 

XX зууны Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал 44 жил Монголын төр, засгийг тэргүүлэн ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн зүтгэлтэн байв. Түүний Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхийн тулд явуулсан бодлогыг үнэлж, 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд БНМАУ-ын Баатар, 1979 онд цэргийн дээд цол болох БНМАУ-ын Маршал цол олгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цэдэнбалыг судлах сан байгуулж төр улсыг удирддаг арга барилаас суралцуулж байж төрийн том ажилтнуудыг бага тушаалаас нь сургаж судалж бэлтгэх хэрэгтэй.
2016-12-01