СЗХ-ны гишүүнээр Н.Мандуулыг томилов
2016-12-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүдийг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн хийв. СЗХ-ны гишүүнээр Сангийн яамны Газрын дарга Н.Мандуулыг дэвшүүлжээ.

 

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, санхүүч мэргэжилтэй. Болгар, АНУ-д бизнесийн удирдлагыг сургууль тус тус  төгссөн. Сангийн яамны Төсвийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж, өнөөг хүртэл Сангийн яамд ажиллаж байгаа юм байна. Мөн банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тооцоо судалгаа, гэрээ хэлэлцээрийг боловсруулан хийж байсан мэргэшсэн төрийн албан хаагч аж.  Эдийн засгийн байнгын хороогоор СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилохыг хэлэлцэн дэмжсэн байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт тавилаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Манайд  хөрөнгийн зах зээлийн өрсөлдөөн байдаггүй. Тиймээс энэ талд ахиц гардаггүй. Стратегийн ордын 10 хувийг яагаад хөрөнгийн зах зээл дээр арилжаалахгүй өдий хүрч байна.

 

-Валютын арилжааны нэгдсэн  цэг байгуулах,  хөрөнгийн зах зээлийн бирж байгуулах хэрэгтэй. Стратегийн орд газруудыг хөрөнгийн биржээр арилжаалах асуудалд санал тавина гэж бодож байна хэмээлээ.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж дууссаны дараагаар санал хураалт явуулав.  СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилохыг гишүүдийн 62.3 хувийн саналаар дэмжив. Мөн СЗХ-ны орон тооны бус гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ж.Цэдэнрагчааг чөлөөллөө.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин