Богд хааны үр ач нар дурсамж хуучилна

Богд хааны ордон музейн 90-н жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” дурсамж уулзалтыг зохион байгуулах гэж байна. Дурсамж уулзалтын үеэр Богд хааны өргөмөл хүү Т.Эрэнжав, Л.Мөрдорж, Лувсанжанцан нарын хүүхдүүд, ач зээ нар хүрэлцэн ирж дурсамж дэлгэх аж.
Богд хааны хүү Эрэнжав нь МАХН-ы Төв Хорооны тусгай тасагт бичиг хэрэг нууц ба тогтоол, анги, жижүүрийн нарийн бичгийн дарга, шуудангийн эрхлэгч, боловсон хүчний тасагт зааварлагч, Намын хянан шалгах хороонд архивын эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 1981 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
Уулзалтад түүний охин Э.Шүрэнцэцэг, зээ хүү Э.Батзул нар хүрэлцэн ирэх юм байна. Богд хааны өргөмөл хүү нь Төрийн хошой шагналт Л.Мөрдорж юм. Л Мөрдоржийн тухай дурсамжийг түүний ач хүү тогооч Г.Тэнгис уулзалтын үеэр хуваалцах аж.
Богд хааны өргөмөл хүүхдүүдийн нэг болох Дамбажанцан /хожим нэрээ сольж Лувсанжанцан болсон/ нь сонирхолтой хувь тавилантай нэгэн билээ. Зураг дээр ах дүү хоёрын том нь Дамбажанцан ба дүүг нь Дамбаринчен гэдэг байжээ. Энэ хоёр хүүг Богд хааныд хамгийн анх өргөгдсөн хүүхдүүд гэдэг ба энэ нь ч үнэний ортой. Одоогийн Дундговь хавиас ирсэн өвгөн хөгшин хоёр өөрсдийн хоёр хүүхдээ Богд хааныхыг Туул голын хөвөөнд байхад нь үрчлүүлсэн гэдэг. Богдын өргөмөл хүүгийн тухай сонирхолтой дурсамжийг охин Даваа нь хуулчах юм байна.
Түүнчлэн уулзалтанд музейн анхны захиралуудын болох партизан Дамбаравжаа, Чулуунбаатар, Гүржав нарын үр хүүхдүүд, музейн захирлаар ажиллаж байсан МУУГЗ, зураач Г.Дунбүрээ, барималч доктор С.Бадрал нар оролцох аж.
Мөн музейн үе үеийн ажиллагсад тэдний үр хүүхдүүд цуглаж музейн тухай олон сонирхолтой яриа өрнүүлэх юм байна.
Энэхүү дурсамж уулзалт энэ сарын 2-нд буюу маргааш 12:00 цагаас Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.
Сонирхсон хэн бүхэн оролцох боломжтой аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ