УИХ-ын гишүүд ХХМТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
2016-12-01

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Г.Занданшатар нар өнөөдөр /2016.12.01/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт очиж, ажилтай нь танилцлаа.

 

 

Эхлээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын болон салбарын ажлаа танилцуулсан.

 

Тэрбээр салбарын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлаа танилцуулахдаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн тэргүүний ажил гэдгийг онцлов.

 

 

Дараа нь УИХ-ын хоёр гишүүн санал бодол, байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн А.Ундраа салбарын ажилтай танилцаж, бодлогын дэмжлэг үзүүлэхийн тулд ирснээ хэлээд, дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэж танилцуулсанд талархлаа илэрхийлсэн. Тэрбээр мөн салбарын алдаа дутагдлыг засах, анхаарах зүйл, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн санал бодлоо хуваалцаж, цаашид дугуй ширээний уулзалт хийх зэргээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллахаа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар мэдээллийн технологийн салбарын урт, дунд хугацааны бодлогод гадны зээл тусламж болон төрийн ямар дэмжлэг хэрэгтэй байгаад тодорхой асуудлаар саналаа хэлэхийг хүссэн.

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын холбогдох албаны хүмүүс УИХ-ын гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

 

Тус газрын дарга Б.Чинбат “Салбарын хувьд дэд бүтэц үүссэн. Энэ сууриа ашиглаад контент үйлдвэрлэж, дата урсгалыг дотооддоо ашиглах зэргээр бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээн онцолж байв.

 

Тэрбээр мөн мэдээллийн технологийн салбарт хүлээгдэж буй томоохон нэг ажил нь Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр бөгөөд энэ ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг хэлсэн.

 

 

Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахдаа Маркийн санг төрд авч үлдэх тухай байв. Манай улсын түүхийг өгүүлэх маркийн сан нь ойролцоогоор найман тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх бөгөөд хувьчлахдаа энэ санг хэрхэх талаар зохицуулалт байхгүй байгааг эргэн харж, төрд авах хэрэгтэй гэдгийг салбарын ахмад ажилтнууд захиж буйг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга УИХ-ын гишүүдэд танилцууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин