Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2016-12-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Одоо Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулга хийлээ.  8 бүлэг, 58 зүйлтэй уг хуулийн төсөлд  хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг шинээр тодорхойлон тусгажээ.  Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хилийн аюулгүй байдлын талаарх зохицуулалтыг шинээр тусгасан байна.

 

Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар  улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалт хийжээ.  Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан байна.  

 

Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлогдсон улсын хилийн дэглэмийн зорилгод хамаардаг улсын хил хамгаалалтын төрөл болох улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг мөрдүүлэх чиг үүргийг Улсын хил хамгаалах байгууллагад буцаан шилжүүлж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх аж.

 

Мөн Улсын хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, хэрэглэх журмыг хуулийн төсөлд шинээр тусгажээ.  Улсын хилийн аюулгүй байдлыг хангахад оролцох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодотгож, Улсын хил хамгаалахад туслах хүчний зөвлөл, туслах хүчний гишүүн, иргэний эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн байна. Дагалдах 15 хуульд өөрчлөлт оруулсан байна.

 

Дараагаар нь Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин