Бүлэг дээрэмчдийг баривчилжээ

img

Нийслэл хотын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 353 тохиолдлоор бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 62.9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлттэй байна. Харин 353 тохиолдол нь 69 нэгжээр буюу урд оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.1 хувиар буурсан байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 10,11 дүгээр саруудад бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гэмт хэрэг нэмэгдсэн. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулах, таслах зогсоох, урд нь үйлдэгдэн гарсан гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг нь олж тогтоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Цохилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

 

Арга хэмжээний хүрээнд нийт 87 гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа хийгдээд явж байна. Энэ оны 11 дүгээр сараас хойш иргэн Ц гэгч нь 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүллээ. Тухайн Ц гэгч нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан юм.

 

Мөн Н нарын гурван этгээд 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газраас илрүүлэн ажиллаа. Бусдын эд хөрөнгийг удаа дараа бүлэглэн дээрэмдсэн Б нарын зургаан этгээдийн хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн этгээдүүд гол төлөв ЕБС-ийн хүүхдүүдийн эд хөрөнгийг дээрэмддэг болох нь тогтоогдсон.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэн 23 настай, эмэгтэй Ц-г харих замд нь үл таних 30 орчим насны залуу айлган сүрдүүлж, цүнхнээс нь самсунг-4 загварын гар утсыг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид шалган оршин суух тодорхой хаяггүй, Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрдэг ажилтай Б.Ү үйлдсэн болохыг тогтоосон. Гэмт этгээдийг өнөөдөр СХД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан" гэдэг мэдээллийг өглөө.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ