Пак Ын Хэ ирэх дөрөвдүгээр сард огцорно
2016-12-07

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ирэх онд сайн дураараа огцрохоор боллоо. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

 

Өмнөд Солонгосчууд улсын нууцад хамааралтай материалыг дотны найздаа үзүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, хандив нэрийн дор томоохон компаниудаас авлига авсан гэгдэх Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцрохыг шаардаж, өнөөг хүртэл нийслэл Сөүл хотноо жагссаар байна.  Жагсаалд оролцогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй юм.  Сөүл хотноо өнгөрсөн сард болсон анхны жагсаал 100 мянган хүн оролцсон бол өнгөрөгч амралтын өдөр болсон жагсаалд ойролцоогоор хоёр сая хүн нэгдсэн байна. Тус улсын түүхэнд анх удаагаа ийм олон хүнийг хамарсан жагсаал болж буй тухай хэвлэлийнхэн онцоллоо. Тэгвэл найзынхаа далбаан дор төрийн материалтай танилцсан гэгдээд буй Чой Чун Сил өнөөдрийг хүртэл Сөүлийн Прокурорын ерөнхий газарт байцаагдаж байна. Тэрбээр олон нийтээс уучлалт гуйсан боловч “Авлига авсан” гэгдээд буй хэрэгтэй холбоогүй гэдгээ илэрхийлсэн юм.

 

Пак Ын Хэ болон Чой Чун Сил нар өнгөрсөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нь төрийн бус хандивын сан байгуулж, олон нийтээс хандив цуглуулсан билээ. Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Сенури намаас нэр дэвшсэн цагаасаа сонгогчидтойгоо уулзах үеэрээ хэлэх үгээ дотны найздаа нягтлуулж, хянуулдаг байсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

 

Шалгалтаар эдгээр хандивын сангууд хууль бус бөгөөд мөнгө угаах арга байсан хэмээн Сөүлийн Цагдаагийн газраас мэдээлж, тус санд хандив өргөсөн томоохон компаниудын захирлыг ээлжлэн баривчилж байна. Нэр холбогдоод буй хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч хоёр ч удаа олон нийтийн өмнө гарч мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсныхаа төлөө олон нийтээс уучлалт гуйсан юм. Харин хандив нэрийн дор авлига авсан, мөнгө угаасан хэрэгтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж “Прокуроруудын хий төсөөлөл” гэж хэлжээ.

 

Гэхдээ тэрбээр ийнхүү мэдэгдсэн ч олон нийтийн дунд үүсээд буй таагүй уур амьсгалыг зогсоож чадахгүй байна. Сөүл хотноо сая гаруй иргэн цугларч, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсаны дараа тэрбээр дахин олны өмнө гарч албан тушаалаа огцроход бэлэн гэдгээ мэдэгдсэн.Тэрбээр өнгөрсөн сарын 29-ний өдөр “Миний бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө намайг огцруулах эсэхийг хуульд заасан журмын дагуу Үндэсий Ассамблей шийдэх болно. Хэрвээ эрх баригч нам болон сөрөг хүчин эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр намайг огцруулах шийдвэр гаргавал би хуульд заасан журмын дагуу огцрохоо хариуцлагатайгаа мэдэгдье” гэж хэлжээ.

 

Уг үйл явдлын дараа эрх баригч, сөрөг хүчний удирдлагууд Ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаа илэрхийлсэн юм.Энэ сарын 2-ны өдөр уг асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Тэгвэл Пак Ын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалаас ирэх оны дөрөвдүгээр сард огцруулахаар болсон талаар эрх баригч Сенури намын дарга И Жун Хён мэдэгдлээ.

 

 

Намын дарга өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийг сайн дураар нь огцруулахаар болсон. Энэ бол бидний эцсийн шийдвэр” гэж хэлжээ. Харин дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах гэнэ. Олон нийт эрх баригчид “Ерөнхийлөгчөө хамгаалахын тулд огцрох хугацааг нь хойшлуулж байна” хэмээн буруутгажээ.

 

Пак Ын Хэгийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард албан ёсоор дуусгавар болно. Тэрбээр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч буй учир Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх зургаадугаар сард зохион байгуулахаар болсон хэмээн намын дарга мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ard:
Solongosyn eronhiilogch ooriin hvselteer ogtsorj baihad mongolyn eronhiilogch ulsad asar ih hohirol uchruulj ard tvmnii amidralyg asar ih doroituulsan uchir ooroo ogtsroh estoi,es bogoos ard tvmen hugatsaanaas umnu ogtsruulj hariutslaga tootsii.
2016-12-07