Бидэнд хийх ажил их байна
2016-12-07

Гэрэл зургийг MPA.mn АН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус намын их хурлын нээлтэд АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэлт тавьсан билээ. Тэрбээр уг илтгэлдээ:

 

-Юуны өмнө та бүхэндээ ардчиллын төлөө намууд нэгдэж Ардчилсан нам шинээр байгуулагдсан баярын өдрийн мэнд дэвшүүлье. Арван зургаан жилийн өмнө Эзэн Чингис хаан ширээнд сууж, Их Монгол улсаа тунхагласан 1206 оныг бэлэгдэж 2000 оны 12 сарын 6-ны энэ өдөр Монгол Улсад ардчилсан төрт ёс, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлсээ болгосон ардчилсан үзэл баримтлалтай, ардчилсан хувьсгалыг манлайлан удирдсан намууд нэгдэж  Ардчилсан Намыг байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд манай нам Монгол Улсын хүчирхэг улс төрийн хүчин байж, улсынхаа хөгжил дэвшилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсаар ирлээ.  Энэ бүхэнд Ардчилсан намын гишүүн, дэмжигч бүрийн үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэл шингэсэн гэдгийг онцлон тэмдэглэж, та бүхэндээ дахин баяр хүргэе.

 

Энэ жил 2016 оны УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа бий болсон улс төрийн шинэ нөхцөл байдалд Ардчилсан намын энэ удаагийн  Их хурал хуралдаж байна.

 

Манай өнөөдрийн Их хурал сонгуулийн ялагдлын шалтгааныг тодорхойлж, Ардчилсан нам цаашид бодлого үйл ажиллагаандаа ямар шинэтгэл хийх вэ гэдгээ хэлэлцэж тодорхойлох гэж байна.

Ардчилсан Нам Монгол Улсын язгуур эрх ашиг, монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хуулийн засаглалыг эрхэмлэсэн, Монгол Улсын улс төрийн тулгуур багана мөн гэдгийг бид энэ Их хурлаараа ард түмэндээ дахин нотлон харуулах ёстой. Өнгөрсөн он жилүүдийн оноо, алдаагаа хаалттай хаалганы цаана биш, илэн далангүй нээлттэй ярилцаж, нийт гишүүдийн оролцоог ханган хэлэлцэн, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх зүй ёсны шаардлага ч тулгарч  байна. Тийм ч учраас миний бие та бүхэнд улс төр, эдийн засгийн бодит байдал, Ардчилсан намын хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн, намын шинэтгэлийн талаар саналаа нэгтгэн Та бүхэнд илтгэх гэж байна.

 

2006-2012 оноос өмнө гадаад худалдааны төлбөрийн тэнцэл хасах 2 тэрбум 411 сая ам.долларын алдагдалтай, нийт импорт 5 тэрбум 305 сая ам.доллараар нэмэгдсэн байтал монголын засгийн газар  2012 оныг хүртэл 4 их наяд төгрөгийг халамжийн хэлбэрээр зүгээр тараагаад өгчихсөн байв. Энэ их мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Таван Толгойн олоогүй орлого 350 сая долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая долларыг урьдчилан авсан  байдаг. Энэ 4 их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой нэг ч бүтээн байгуулалт үлдээгүй ээ.

 

Ийм хүнд нөхцөлийг хүлээж авчихаад Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншигонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон...

 

Ардчилсан намын үед Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал хэвийн үргэлжилж байсан, дэвшилт гарч байсан. Хоёр хөрштэй үүсгэсэн Гурван талт хэлэлцээр хэвийн үргэлжилж, Талын зам, Эдийн засгийн коридор, Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа гэх мэт томоохон төсөл, санаачилгууд амжилттай эхлээд, Монгол улсын нутаг дэвсгэрийг хамруулахаар яригдаад явж байсан. Гэтэл, өнөөдөр МАН сонгуульд ялж засгийн эрхэнд гарснаар энэ бүхэн зогсонги байдалд орж, зарим томоохон төслүүд өөрөөр шийдэгдэж эхэллээ. Манай нутгийг тойруулан хоёр хөрш маань хурдны төмөр зам тавьж эхэллээ.

 

Олон улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан манай гол экспортын барааны түүхий эдийн үнэ 30-300 хувь унасан. Ийм нөхцөлд төгрөг сулрах нь тодорхой. Үүнийг бид  хяналттайгаар удирдаж ханшны уналтыг жилд 100 төгрөгөөс хэтрүүлэхгүй барьж чадаж байсан. Гэтэл Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш долларын ханш сард 100 төгрөгөөр нэмэгдэх болжээ. Цаашид төгрөгийн ханш үргэлжлэн сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан иргэд рүү хандсан сайн бүхнийг зогсоогоод үндсэндээ дуусч байна.

 

Эрх баригч хүчин хилийн цэргийг хилийн цагдаа болгож, хамгаалалтын бүсийг 100 км-ээс багасгаж 15 км болгох, улмаар хилийн хамгаалалтын төвшинг бууруулахаар санаачлага гаргаж, хууль тогтоох төвшинд илэн далангүй илэрхийлж байгаа нь болгоомжлол, эргэлзээ төрүүлж байна. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой хэзээ ч өөрчилж болохгүй дархан эрх ашиг мөн.

 

Дэлхийн Буддын шашны тэргүүн Далай ламын Монгол улсад хийсэн шашны айлчлалын талаар урд хөршийн улс төрийн байр суурийг бид харлаа. Энх тайваны Нобелийн шагналт, нийт монголчуудын үе дамжин шүтэж ирсэн бурханы шашны дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн Далай ламыг авчрах сүсэгтэн монголчуудыг бид хүндэтгэж байна. Бурханы шашны тэргүүн Далай лам бурхан номынхоо ажлаар манай улсад ирж л байсан, явж л байсан. Олон тохиолдол бий. Монголын төр засаг энэ асуудлыг урд хөрштэйгээ дипломат аргаар зохицуулж чаддаг байсан. МАН төрийн эрх авчихаад энэ ажлаа ч хийж чадахгүй, харилцан айлчлалынхаа хөтөлбөрийг цуцлуулчихаад, хил дээр хураамж нэмүүлчихээд буруутан хайгаад сууцгааж байна. Ийм дорой байж болохгүй. МАН-ынхан ажлаа хийцгээ.

 

Би Ардчилсан намын даргын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг аваад 2 жил ажиллалаа. Энэ хугацаанд намдаа шинэтгэл, өөрчлөлтийг хийхийг эрмэлзэж олон ажлыг эхлүүлэх оролдлого хийсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тухайлбал, Ардчилсан намыг  фракцгүй нам болгоно гэж зарлаад  Бодлогын зөвлөлийг  байгуулж ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, АН-ыг бодлогын нам болгох зорилт тавьсан. Ардчилсан намын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн үеийн менежмент, сурталчилгаа зэрэг олон хүчин зүйл нь сонгуулийн үр дүнд зарим талаар нөлөөлсөн. Эдгээрт алдаа дутагдал байсныг дараа дараагийн сонгуулиас өмнө дүгнэлт хийж давтахгүй байх, зарим асуудлыг намын шинэтгэлийн хүрээнд дүрмээр зохицуулах шаардлага ч гарах байх.  

 

Ардчилсан намын бүх шатны удирдлага нийт гишүүдийн саналаар сонгогддог байх нь зүйтэй гэж  манай гишүүд санал нийлж байгаа нь намд том шинэтгэл болно. Бид дотроо бодлогоор өрсөлдөж ирсэн. Мэдээж аль ч нам улс төрийн хүчинд бодлогын өрсөлдөөн байдаг. Гэхдээ энэ асуудлаа шийдэхдээ буруу арга хэрэглэх хэмжээнд хяналтгүй болсон нь бидний буруу. Ардчилсан нам өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах нь бодлогын өрсөлдөөнийг шийдвэрлэх арга биш гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм байдал гаргахгүй байх баталгааг дүрмээр зохицуулбал зохино.  Аливаа бодлогын асуудлаар Их хурал хуралдаж шийдвэр гаргаж буруу зөвөө шийдвэрлэх нь оновчтой шийдэл юм.

 

Миний бие  АН-ын даргын албыг хүлээн авч хоёр  жил ажиллаад өнөөдөр намын дүрмийн дагуу ажлаа өгөх гэж байгаа энэ цаг мөчид намын шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах их хурлын индрээс эрхэм журмын нөхөддөө хандан дараахь саналуудыг дэвшүүлж байна. Энэ бүхнийг намын дүрэмдээ баталгаажуулах нь намын шинэтгэлийн амин сүнс нь юм.

 

Бидэнд хийх ажил их байна. Дараа дараагийн олон сонгуульд намын эв нэгдлийг илэрхийлсэн, олны хүндэтгэл хүлээсэн, албан тушаал, эдийн шуналаас ангид, нэр цэвэр  гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлж ялалт авчрах нь манай намын гол зорилго байх болно. Энэ шалгуураар нэр дэвшигчээ тодруулж чадвал  Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох ард иргэдийнхээ итгэлийг буцааж олох үндсэн нөхцөл байх  болно.

 

Ардчилсан намын гишүүний хувьд би цаашид намаа хариуцлагатай, сахилга баттай, нэгдмэл, фракцгүй нам болгохын төлөө, дахин эрх баригч нам болж улс орноо хөгжүүлэх гол улс төрийн хүчин болгохын төлөө бүх хүчээ дайчлан та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно гэдгээ амлаж байна хэмээлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ээ бурхан минь .хожим бүү үзэгд
2016-12-07
Иргэн:
Юу солиороод байгаа луйварчид вэ!!! АН гэж хувийн компани шүү дээ!!!
2016-12-07