Хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2016-12-07

 

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хүний эрхийн олон улсын өдрийг манай улс “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ өдрийг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын хүнийс эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо хамтран Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болсон байна. 


МУ-ын ХЭҮК-ын ахлах референт Г.Агар-Эрдэнэ “Бид хамтарч иргэдэд үнэ төлбөргүйгээр хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээг зохион байгуулж байна. Иргэдийн дийлэнх хувь нь газрын маргаан, хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үйдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар зөвлөгөөг авч байна” хэмээж байлаа.


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж хүний эрхийн талаарх хууль, эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав салбаруудад гурван өдрийн турш явуулж байна. Иргэд, үйлчлүүлэгчид маань өөрт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэгдэхгүй байгаа зүйлүүд хууль эрх зүйн талаасаа чухам ямар асуудал үүсээд байгаа талаараа бүрэн мэдээлэл авах боломжтой юм” гэлээ.



Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин