Салбарынхаа бизнес эрхлэгчидтэй уулзлаа
2016-12-07

 

Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага уулзалтад оролцлоо. Эдийн засаг хүндэрч, хувийн хэвшлүүдийн чадавх суларсан энэ үед салбарын яамнаас бодлогоор хэрхэн дэмжиж ажиллах, мөн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр сонгож оролцуулах боломжийн тухай түлхүү хөндсөн юм.

 

Эрчим хүчний салбарт өнөөдөр 820 гаруй аж ахуйн нэгж, компани тусгай зөвшөөрөл эзэмшиж, бизнес эрхэлж байна. Тогооноосоо хальсан замбараагүй энэ тоог цэгцэлж, тодорхой шалгуур тавих цаг нь болсныг захирал, удирдлагууд хэллээ.

 

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын Засгийн газраас 2017 онд эрчим хүчний салбарт тодорхой бодлого хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын их ажлууд өрнүүлэхээр төлөвлөөд байна. Стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг хөдөлгөж, үүнд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр оролцуулна гэсэн чиг барьж байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн санал бодлыг сонсож, цаашид хамтран ажиллах үүднээс энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Ачааны хүндийг үүрч 20 жил явсан та бүхний чадвар, туршлагаар улсдаа хөрөнгө оруулах цаг нь болсон” гэв.

 

Уулзалтад оролцсон компани, хувийн хэвшлийн удирдлагуудын санал бодлоос хүргэе.

 

 “Хасу мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш: “Яамны удирдлагууд хувийн хэвшлийнхний үгийг сонсоно гэдэг нь ажил хийх том эрмэлзэл, эхлэл байна гэсэн итгэл төрүүлж байна. Хамгийн эхлээд эрчим хүчний салбарт мөрдлөг болгодог норм, норматив өнөөдрийг хүртэл тойм муутай, тодорхой зүйлсийг багтааж чадаагүй. Үүнд онцгой анхаарахыг хүсье. Хоёрт, инженер, техникийн ажилтнуудын цалин хөлс тааруу, улирлын шинжтэй байдгаас чадварлаг залуусаа уул уурхайн салбар руу алдсаар байна. Жилдээ 50, 60 хүн бусад салбар руу  явчихдаг. Мөн төр өөрөө бизнес эрхлэгчидтэй өрсөж, ажлыг нь булаах болсон нь ТЭЦ-үүд дотроо мини үйлдвэр байгуулж байгаагаас харж болно. Энэ мэт хувийн хэвшлээ боомилсон, хөлийг нь тушсан бодлого их байна. Биднийг бараг мартсан энэ салбар харин өнөөдөр үгийг нь сонсож байгаад баярласнаа илэрхийлье”.

 

 “MCS интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү: “Эдийн засаг хүндэрсэн энэ үед 20 жил бэлдсэн ажилтнуудаа яаж тогтвор суурьшилтай авч үлдэх вэ гэдэг асуудал манай компанийн хувьд хамгийн чухал байна. Гэхдээ бид бодлого барьж ажилласан учраас харьцангуй амжилттай давж байгаа. Өнөөдрийн уулзалтаар үндэсний компаниудын оролцоог тэргүүнд тавих асуудал давамгайлж байна. Юун түрүүнд компаниудын оролцоо нэгд байна гэсэн бодлогыг яам барих ёстой. Өөрөөр хэлбэл аливаа төсөлд оролцох монгол компаниудын оролцооны хувийг тодорхой гаргаж, гаднын компаниуд түншлэлийн хэлбэрээр ажиллана гэдэг хувилбар байж болох юм.

 

“Мон илч” ХХК-ийн зөвлөх инженер Г.Лувсан: “Манай компани 18 дахь жилдээ ажиллаж байна. Дулааны цахилгаан станцын зуух, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон сэлбэг хэрэгсэл, эд анги хийдэг. Бүтээн байгуулалт, төслийн үр дүнгүүд хоцрогдож, хариуцлага гэдэг ойлголт байхгүй болсныг онцолж хэлмээр байна. Засвар, хөрөнгө оруулалт гээд аль ч шатанд ажлын үр дүнг харахаа больсон. 100 төгрөг ч бай, тэрбум төгрөг ч зарцуулсан  бай юу болсныг хэн ч мэдэхээ больжээ. Үүнд анхаарал хандуулахыг хүсч байна” гэв. Хувийн хэвшлийнхэн цаг үеэ олсон уулзалт зохион байгуулж буйд сайд П.Ганхүүд талархсанаа хэлээд хамтран ажиллах итгэлцэл бий болж байгааг онцолсон. Уулзалтын үр дүнд хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн, яамны бодлого, үйл ажиллагаанд тусгахаар боллоо.

 

Эрчим хүчний сайд П.Ганхүү маргааш салбарынхаа гавьяат ажилтнууд болон ахмадуудтай уулзахаар төлөвлөжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин