Хөгжлийн банкны захирлаар Б.Батбаярыг томилохыг зөвшөөрөв
2016-12-07

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026.12.07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Балганы Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрөв.

 

Б.Батбаяр нь 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалсан.

 

Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байжээ.

 

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр баталлаа

 

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөөоюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх юм.“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр :

-  Оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох

-  Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, коллежууд ажлын байрны хэрэгцээ, шаардлага хангасан өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны нийгмийн асуудлыг шийдэх, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх

-  Ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох зэрэг давуу тал бий болох юм.

 

Монголын оюутны холбоо өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа 15 мянган оюутны дунд судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах, ажил хийж сурах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь нийтийн тээврийн хөнгөлөлт, 70 мянган төгрөгийн тэтгэлгээс илүү ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. 

 

Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг УИХ-д яаралтай өргөн барина

 

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн хугацаанд 2000 орчим төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 33 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зохистой харьцааны 50 дахин нэмэгдүүлсэн заалтыг зөрчихөд ойрхон байгаа юм.

 

Хөгжлийн банк нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл бий болоод  байгаа. Иймд эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хууль зүйн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-д яаралтай өргөн барихаар болов.

 

 

 

Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа  сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. 

 

Үүнтэй холбогдуулан Гурвантэс суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, сумын төвийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан станц барих ажлыг ирэх оноос эхлүүлэх, сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн зориулалтын автомашин хуваарилж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.

 

Мөн ”Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн 45.3 км төмөр замын ажлыг “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлэх, улсын тусгай хамгаалалттай Тост, Тосонбумбын нурууны нутгийн хилийн заагийг тогтоохыг салбарын сайд нарт даалгав.

 

70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв

 

Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв. Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байна.

 

Эрчим хүч, зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа

 

Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Жагсаалтад:

1.  Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл

2.  Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл

3.  Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх төсөл,

4.  Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл

5.  Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл

6.  Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл,

7.  Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,

8.  Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл,

9.  Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтжээ.

 

Товч мэдээ

 

-  “Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл”-ийн концессын шууд гэрээний хэлэлцээг сонирхсон хуулийн этгээдтэй үргэлжлүүлж, төслийг эрчимжүүлэхийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр дэмжлээ.  Өмнө нь буюу 2014 онд хуулийн этгээд шалгараагүй тул уралдаант шалгаруулалт хүчингүй болж байжээ.   

-  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөл нь хөдөө аж аж ахуйн биржийн үйл ажиллагааг дэмжих, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгч, зөвлөмж, дүгнэлт гаргах, биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, хооронд нь уялдуулах үүрэгтэй юм.

-  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гамшгаас хамгаалах тухай, Онцгой байдлын албаны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд холбогдох саналуудыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов хэмээн Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Багын анд:
Амжилт хүсье хөгшөөн.
2016-12-08