2007-2008 оны жолооч үнэмлэхээ солиулах шаардлагагүй
2016-12-08

2006 оноос  эхлэн жолооны шар үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгосон. Тэгвэл 2006 болон түүнээс өмнө үнэмлэх авсан иргэдийн ашиглах хугацаа энэ онд  дуусч байгаа учраас ондоо багтааж үнэмлэхээ солиулах шаардлагатайг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн. Үнэмлэх солих ажил энэ оныг дуустал үргэлжилнэ. Энэ талаар Лицензийн төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

 

-Жолооны шар үнэмлэхийг заавал солиулах шаардлагатай юу?

 

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны  есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн  журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болж, жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож  байгаа. Тиймээс хүчингүй болсон шар үнэмлэхийг зайлшгүй солиулах хэрэгтэй.

 

-Яагаад заавал солих шаардлагатай гэж үзэж байна вэ?

 

-Ерөнхийдөө жолооны үнэмлэхний олон улсын загвар батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Шинэ загварын саарал үнэмлэх манай улс төдийгүй, олон улсад тараагдчихсан учраас хуучин үнэмлэхийг зайлшгүй солих шаардлагатай. Тэгээд ч хуучны жолооны үнэмлэх дээрх зураг, одоогийн дүр төрхөөс тэс ондоо болж өөрчлөгдөх  тохиолдол их бий. Энэ нь эргээд жолооч, цагдаа хооронд маргаан үүсэх эх үүсвэр болж байна. Тиймээс л ашиглах хугацаа заагаагүй шар үнэмлэхийг шинэчилж буй юм.

 

-Шар үнэмлэхийг энэ оныг дуустал солино гэсэн. Хугацааг сунгах уу?

 

-Өнөөдрийн байдлаар манайхаар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь шар үнэмлэхээ солиулж байна. Үнэмлэх солих ажил энэ оныг дуустал явагдана. Хугацаа сунгахгүй. Харин 2007 болон 2008 онд шар үнэмлэх авсан иргэд 2017 болон 2018 ондоо явах боломжтой. Иймээс энэ онуудад үнэмлэх авсан иргэд лиценцийн төвд ирж, дугаарлан, дараалал үүсгэх шаардлагагүй.

 

-Манай улсад шар  үнэмлэхтэй хэдэн жолооч байна. Үүнээс хэд нь солиулаад байгаа вэ?

 

-2006 онд шар үнэмлэх авсан 34700 гаруй жолооч байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 17 мянга орчим нь солиулсан байна. Үлдсэн 14 мянга гаруй шар үнэмлэхийг энэ ондоо багтаагаад солих шаардлагатай.

 

-Шинэ үнэмлэхийн үнэ хэд вэ? Хэвлэгдэн гарахад удах уу?

 

-Шинэ үнэмлэхийг 3-7 хоногт хэвлэн гаргаж байгаа. Үнийн хувьд банкинд жолооны үнэмлэхний 12500 төгрөг тушаана.Үнэмлэх хэвлэгдэх хугацаанд жолоочийн хуучин үнэмлэхийг хураахгүй учраас асуудал үүсэхгүй. Шар үнэмлэхээ солиулахаар захиалга өгсөн иргэд шинэ үнэмлэхээ гэрийнхээ хаягаар хүлээн авах боломжтой.

 

-Бүрдүүлэх бичиг баримтын тухайд?

 

-Тухайн жолооч эхлээд үнэмлэхээ солиулах хүсэлт бүхий өргөдлийг бичиж Лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана.

 

-Хөдөө орон нутагт хуучин үнэмлэхтэй жолооч олон бий.

 

-Орон нутгийн иргэдийн хувьд тухайн орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална.  Орон нутгийн замын цагдаагийн газраас манайд тухайн материалуудыг ирүүлсэний дараа бид  шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлнэ. Мөн гадаадад амьдарч байгаа жолооч нар шар үнэмлэх болон иргэний үнэмлэхний хуулбараа итгэмжилсэн хүнээрээ дамжуулан солиулах бүрэн боломжтой .

 

-Үнэмлэхээ солиулаагүй жолоочид торгууль ногдуулах уу?

 

-Тухайн үнэмлэх хүчингүй учраас тээврийн хэрэгсэл  жолоодох эрхгүй гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах ёстой ч замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж анхааруулж, арга хэмжээ авахгүй байгаа. Хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх Замын цагдаагийн газарт байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй.

 

-Үнэмлэх солиулах хүсэлтэй жолоочид Лицензийн төвд л хандах уу?

 

-Үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж байна. Лицензийн төв Баянзүрх дүүргийн 2-р хороо, “Home plaza” дэлгүүрийн зүүн талд, “Сэлэнгэ” зочид буудлын замын эсрэг талд  байрладаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene hezeenii medee ve. 2017 oni ehnii ulirald bagtaan solino geed garaad bsan yu bolson be
2016-12-08