Пак Ын Хэг огцруулах асуудал 180 хоног үргэлжилнэ
2016-12-09

Пак Ын Хэ ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох эсэх нь өнөөдөр тодорхой болох талаар “www.dailymail.co.uk”, “www.reuters.com” мэдээллээ.

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ хугацаанаасаа өмнө огцрох эсэх нь өнөөдөр тодорхой болно.

 

Уг асуудлаарх санал хураалт өнөөдөр парламентад болох юм. Хэрвээ парламентын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчөө огцрохыг дэмжвэл тэрбээр тус улсын түүхэнд анх удаа хугацаанаасаа өмнө огцорсон төрийн тэргүүн болно. “Пак Ын Хэ Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөс гадна мөн хугацаанаасаа өмнө огцорсон анхны Ерөнхийлөгч болох магадлалтай байна” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Гэхдээ парламентын гишүүд санал нэгтэйгээр Ерөнхийлөгчөө огцрохыг дэмжсэн ч уг асуудал эцэслэн шийдэгдэхгүй. Гишүүдийн санал дээр үндэслэн Үндсэн хуулийн цэц хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. Гэхдээ Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудал 180 хоног үргэлжилдэг байна. Санал хураалт орон нутгийн цагаар 15.00 цагт эхэлнэ.

 

Цэцийнхэн санал хураалт үнэн шударга явагдсан эсэх, Ерөнхийлөгч огцрох шаардлагатай эсэх, баримт нотолгоо хангалттай байгаа эсэхийг нягталж, зургаан өдөртөө багтаан шийдвэрээ танилцуулах юм. Шийдвэр гарах хүртэл иргэдийг жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг Ерөнхийлөгч уриалан “Би ямар ч шийдвэр гарсан хүлээн авах болно” гэж хэлжээ.

 

Сэнүри намыг төлөөлөн  Пак Ын Хэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, намаа ялалтад хүргэсэн билээ. Ерөнхийлөгчтэй холбоотой дуулианы дараа Сэнүри намынхан Пак Ын Хэг огцрохыг удаа дараа шаардсан юм. Намынхан Пак Ын Хэгийн эсрэг саналаа өгөх магадлалтай байна. Энэ долоо хоногийн эхээр намын удирдлагууд хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ “Алдаа гарсан төрийн тэргүүнийг огцруулах нь зөв” хэмээн мэдэгдсэн юм.  Намынхан дараагийн удирдагчийн талаар хэлэлцэж эхэлсэн нь Пак Ын Хэд итгэл хүлээлгэх бодолгүй байгаа нь тодорхой байгаа юм.

 

Өмнөд Солонгос улс эмэгтэй хүнийг төрийн тэргүүнээрээ сонгосон дэлхийн цөөхөн орнуудын нэг билээ.

 

 

Сонгогдсон цагаасаа ард түмнийхээ дэмжлэг, хайр хүндэтгэлийг хүртсэн Пак Ын Хэ ганцхан сарын дотор дэмжигчдийнхээ талаас илүү хувийг алджээ. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа иргэдтэй уулзах үеэрээ хэлэх үгээ дотны найз Чой Чун Силээр хянуулж байсан олны дургүйцлийг хүргэсэн юм. Хэлэх үгээ найзаараа хянуулдаг гэх дуулианы дараахан Ерөнхийлөгчийг найзынхаа хамтаар авлига авч, мөнгө угаадаг байсан гэх мэдээлэл ард түмний дургүйцлийг дээд цэгт хүргэсэн гэхэд болно. “Сайн үйлсийн сан” гэх нэрийн дор томоохон компаниудыг дарамталж, их хэмжээний мөнгө авдаг байсан аж. Уг хэргээр Ерөнхийлөгчийн найзыг өнөөг хүртэл прокурорууд байцааж байна. Ерөнхийлөгч хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсныхаа төлөө олон нийтээс уучлалт гуйсан боловч мөнгө угаасан, авлига авсан гэх хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлэн, эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдсэн юм.

 

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардах иргэдийн тоо цаг минутаар нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан тэрбээр “Миний бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө намайг огцруулах эсэхийг хуульд заасан журмын дагуу Үндэсний Ассамблей шийдэх болно. Хэрвээ эрх баригч нам болон сөрөг хүчин эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр намайг огцруулах шийдвэр гаргавал би хуульд заасан журмын дагуу огцрохоо хариуцлагатайгаа мэдэгдье” хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараа эрх баригч намынхан Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэх асуудлаар парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулахаар болсон талаараа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Дээрхтэй ижил үйл явдал 2004 онд болж байсан. Парламентын гишүүдийн санал хураалтаар Ерөнхийлөгч Ро Мү Хюнийг огцрохыг дэмжсэн ч Үндсэн хуулийн цэц “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг 63 өдөр түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан билээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн үүргийг Ерөнхий сайд түр гүйцэтгэсэн аж. Гэхдээ уг шийдвэрийг хэсэг хугацааны дараа хүчингүй болгосноор Ро Мү Хюн дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл албан тушаалаа хашсан байна.

 

Энэ удаад цэц парламентаас өөр шийдвэр гаргавал парламентад суудалтай 159 гишүүн огцорч магадгүй байна. Ерөнхийлөгчийн рейтинг 4 хувь болтлоо буурсан бөгөөд санал асуулгад оролцсон нийт иргэдийн 81 хувь түүнийг огцрохыг дэмжжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин