Гэмт хэргийн шинжтэй асуудлыг ил болгохыг шаардлаа
2016-12-14

 

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдааны танхимд гишүүдийн уур амьсгал ширүүхэн өрнөж байлаа. Гишүүдийн асуултад ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хариулж байна.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Бид 4.3 их наяд төгрөгийн өр авлагатай хүлээж авсан. Улс төрийн зорилготой шалгалт хийсэн нөхөд өөрсдийгөө хамгаална. Үүрэг хариуцлага хүлээж байсан хүмүүсээс оролцуулж болоогүй юм уу. Баталгаажаагүй байхад олон нийтэд цацдаг асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Ажлын хэсгийн дүгнэлт Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Евро бонд 2012 оны 12 сард 520сая ам.доллар орж ирсэн байна. Засгийн газар  2012 оны наймдугаар сард томилогдсон. Евробондын хувьд төслийн 56 нэгж зарцуулсан байна. 2000 гаруй аж ахуй нэгжтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг дурдаагүй. Гэмт хэргийн шинжтэй, хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа асуудлыг ил болгохыг Засгийн газар шаардсан. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Хөгжлийн банкны 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан асуудлыг тухайн үеийн Сангийн сайд шийджээ гэж Ж.Батзандан гишүүн мэдээлжээ. Тухайн үеийн хуралдааны тэмдэглэл надад холбоотой байна вэ? Тухайн үед Хөгжлийн банк ямар чиг үүргийн сайдад холбогддог байсан бэ?

 

-Хөгжлийн банкны хувьд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 оноос шилжсэн. Хөгжлийн банкны авсан 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх байр нь Сангийн сайдтай хамааралгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга н.Шинэбаатар гаргасан байдаг. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Хөгжлийн банкинд төвлөрүүлэхээр нийтдээ 6 их наядын бонд босгосон. Үүнээс үр дүнгээ өгч, бүтээн байгуулалт өгсөн төсөл бий. Харин зарим төсөл тодорхойгүй явагдсан.  6 дахь удаагийн шалгалтын дүн гарч байна. ҮАБЗ-өөс эхлээд шалгасан дүгнэлтэд зөрчилдсөн зүйл алга. МАН цөөнхийн бүлэг байхдаа Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, шалгалт хийлгэсэн.  6 их наяд мөнгөний зарцуулалтыг гаргачихмаар байгаа юм. Зээл нь хууль ёсны дагуу зарцуулагдсан уу, эрсдэлтэй юу гэдгийг л хууль ёсны дагуу шалган тогтоох хэрэгтэй. “Гудамж” төслөөр хийгдсэн ажил төсөвт өртгөөсөө хэд дахин нэмэгдсэн гэсэн. Гэтэл бүхэлд нь 2000 аж ахуй нэгжийг зээл авсан, буруутайд хамааруулаад байна. Хууль ёсны дагуу зээл авсны хүний нэг би. Харин хууль бусаар зээл авсныг хууль ёсны зээл авагчтай хольж хутгаад байх юм. Үүнийг ажлын хэсэг ялгаж, салгаж болоогүй юу?

 

-Хөгжлийн банкны веб сайтад мэдээлэл байрлуулсан. Хөгжлийн банк арилжааны банкнуудад зээл олгосон. Арилжааны банкнуудын олгосон зээлийн мэдээллийг ил болгоогүй. Арилжааны банк өөрсдийн журмын дагуу зээлээ олгосон байдаг. Аж ахуй нэгжүүдийн бизнесийн нууцлалтай холбоотойгоор зарлаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчид орж, мэргэжлийн дагуу ажилласан.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хөгжлийн банкинд жил бүр аудит хийж байсан. Тэр аудитын дүгнэлт зөв байсан уу?  Энд яригдаад байгаа Шинэбаатар Эрдэнэтийн 49 хувьд холбогдсон хүн мөн үү?

 

-Шинэбаатар тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан хүн. Ажлын хэсэг Хөгжлийн банкин зөрчил дутагдал байна, үргэлжлүүлж шалгуулъя гэсэн дүгнэлт гаргасан. АТГ-т шалгалтын дүгнэлтийн материал хүргэгдсэн. Албан тушаалаа урвуулан ашигласан зүйл анги АТГ-ын харъяанд байдаг.

 

Ийнхүү гишүүд асуулт авч хариулт авч байгаа юм. Ажлын хэсгийнхэн дээрх асуултад  “1.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Монголбанкнаас төгрөгөөр болон ам.доллараар Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Үүнээс 694 тэрбум төгрөг дутаад байгаа юм” хэмээн нэмж хариуллаа.  

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Goyo sh dee
2016-12-15
Зочин:
Шалгах л хэрэгтэй. АН лу йварчид сандралдаад байх юм. Но той болохоороо тэр биз
2016-12-15
АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨЧ ГЭНЭЭ... МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС:
МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС
2016-12-14