А.Сүхбат: Монгол бөхийн өргөө ард түмний өмч

Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/-ны тэргүүн Р.Нямдорж УИХ-ын гишүүн, Даян аварга А.Сүхбатыг “Монгол бөхийн өргөө”-г хувийн эзэмшилд авахаар санаархаж буй талаар хэлсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн А.Сүхбатын байр суурийг хуваалцлаа.
-МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж өөрийг тань Монгол бөхийн өргөөнд 13 жил санаархсан гэлээ. Та өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?
-МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж гуай увайгүй хүмүүс гэж биднийг хэлсэн байна. Өөрөө ч их увиагүй юм бичжээ. Х.Баянмөнх, түүний хүргэн байсан А.Сүхбат нар аваргуудын зөвлөл байгуулаад нутгийнхаа бөхчүүдийг элсүүлсэн. Улмаар бөхийн өргөөг авах гээд байна гэх агуулгатай зүйл ярьж байна. Энэ хүн Халх, Дөрвөд гэж жалга довны үзэл гаргасаар өдийг хүрсэн. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн орон тооны байна гэж заасан байдаг. Тэгэхээр миний ажил байдалтай уялдаж өгөхгүй дээ. Үндсэндээ би тэргүүн нь болох боломжгүй гэсэн үг.
-Таныхаар бөхийн өргөө улсын өмч үү, хувийн өмч үү?
-Үнэндээ бөхийн өргөө Нямдоржийнх ч биш, минийх ч биш. Монголын ард түмний өмч. Төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн өмч байх ёстой.
-МҮБХ-ны дараагийн тэргүүнээр “Гацуурт” компанийн захирлыг сонгох гэж байгаа тухай яриа байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат гуайд МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлэн өрсөлдөөч гэдэг саналыг Монгол бөхийн аваргуудын зөвлөлөөс тавьсан. Ер нь өрсөлдөх боломж хүн бүхэнд нээлттэй шүү дээ.
-Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үеэр таныг хөндлөнгөөс оролцон хуралд суугаагүй 6 хүний гарын үсгийг дуурайлган зурсан гэж байсан. Энэ талаар?
-Бид бүхэн хуулийн дагуу ажиллаж байгаа. 2002 онд хуралдаж цэцдийн зөвлөлийг байгуулж, Монголын бөхийн холбооны дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн хуралд цэцдийн зөвлөлийн гишүүн учраас бид оролцох эрхтэй байсан. Тэр тусмаа Монгол улсын хоёр дархан аварга цэцдийн зөвлөлд багтдаг. Бид бөхөө ярихгүй өөр хэн ярих юм.
-Мөн хуурам ч бичиг баримт үйлдэн шүүхийг мэхэлсэн гэсэн.
-Харин хэн нь 20 гаруй жил шүүхийг мэхэлж яваа билээ дээ. Х.Баянмөнх аварга бид хоёрыг ам бүл, нутаг усны гэмээр жижиг бүлэг байгуулснаа аваргуудын зөвлөл гэж нэрлэсэн. Түүнд оролцоогүй бусад аваргуудын нэрийг зээлдэн ашигласан гэх зэргээр хувийн шинж чанартай олон зүйл ярьж байна. Анх аваргуудын зөвлөл хуралдахад Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Монгол улсын Дархан аварга Ж.Мөнхбатыг зөвлөлийн даргаар сонгож байсан. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ аваргаас бусад нь ирж байсан. Дараагийн аваргуудын зөвлөлийн хуралд Ж.Мөнхбат аварга эрүүл мэндийн шалтгаанаар огцрох шаардлага тулгарсан учир Д.Сумъяабазарыг аваргуудын зөвлөлийн даргаар сонгосон. Өнөөдөр Д.Сумъяабазар ажлаа сайн хийж яваа. Тэгэхээр миний санаачлагаар биш Монголын 10 аваргын санал санаачилгаар бий болсон зөвлөл юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ