Путин, Абе нар өнөөдөр уулзана
2016-12-15

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Япон улсад очих билээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй Ямагүчи мужийн Нагато хотод уулзахаар болсон талаар “NHK” агентлаг мэдээлэв.

 

“Уг уулзалт маргааш нийслэл Токио хотноо үргэлжилнэ” хэмээн Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас уламжлав.  “Удирдагчид цаг үеийн асуудлаар ярилцахаас гадна хэд хэдэн гэрээг үзэглэхээр болсон” талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

 

“Энэхүү уулзалтын үеэр Японы газар нутгийн салшгүй хэсэг гэгдэх дөрвөн арлын асуудлаар Путинтэй хэлэлцээр хийх туйлын сонирхолтой байна” хэмээн Абе сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Японы Засгийн газар “Хабомай”, “Шикотан”, “Кунашири” болон “Эторофү” гэх дөрвөн арал буюу Курилын арлуудыг ЗХУ-ын цэргүүд дэлхийн II дайны үеэр хууль бусаар булаан авсан хэмээн үзэж, өнөөг хүртэл Москватай газар нутгийн маргаантай байдаг билээ.

 

Удирдагчид энэ онд ийнхүү дөрөв дэх удаагаа уулзах гэж байна. Тэд сүүлд өнгөрсөн сард Перу улсад уулзсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин