Худалдааны салбар ДНБ-ний 17 хувийг бүрдүүлдэг
2016-12-16

 

Монгол улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.  Энэ өдөр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн,  ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, МХЭХХТХ-ны тэргүүн С.Байгалмаа, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Лхагважав,  МХЭАХНХ-ны ерөнхийлөгч  Ц.Оюунбаатар, Монгол Улсын худалдааны салбарын  ажилтан, ажиллагсад, бизнес эрхлэгчид болон хөгжлийн түүхийг хөдөлмөрөөрөө бүтээлцсэн үе үеийнхэн, төрийн ордоны их танхимд ойн баярын хуралд оролцлоо.

 

Ардын хувьсгал ялсны дараа тэр үеийн төр, нийгмийн зүтгэлтэн, ард иргэдийн үндэсний хоршоо, худалдааны байгууллага бий болгох санаачилгыг дэмжин Богд хаан “Зарлиг мэдэв” хэмээн айлдсанаар Ардын харилцан туслалцах хоршоог 1921 оны 12 дугаар сард нийслэл хүрээнд үүсгэн байгуулж, өргөжүүлэн хөгжүүлсэн нь Монгол улсад орчин цагийн хоршоо, худалдааны салбар үүссэн түүхтэй.

 

Монголын үндэсний худалдааны салбар 1950 оноос бусад улс орнуудтай гадаад худалдааг өргөжүүлэн хөгжүүлж, 1960-1970 онуудад олон тооны үндэсний аж үйлдвэрийн газрууд ашиглалтанд орсноор жижиглэн худалдааны бараа гүйлгээнд орж, эх орны үйлдвэрийн өргөн хэрэглээний барааны эзлэх хувь хэмжээ 51,3 хувь хүртэл нэмэгдэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр экспорт, импортын барааны бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, 1990 он гэхэд 27 оронтой гадаад худалдаа хийж байсан бол өнөөдөр 148 улс оронтой гадаад худалдаа хийж, олон улсын түвшинд хүрсэн худалдааны төв, супермаркетууд болон сүлжээ дэлгүүрүүд хүн арддаа худалдаа, үйлчилгээг үзүүлэн, худалдааны салбар богино хугацаанд эрчтэй хөгжиж байна .

 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг  худалдааны салбар нь өнөөгийн байдлаар ДНБ-ий 17 хувийг бүрдүүлж, нийт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 43 хувийг эзэлж, 200 гаруй мянган ажиллагсадыг эгнээндээ багтаасан томоохон салбар болсон байна.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр,  “Мах, сүүний анхдугаар аян”-ыг тус тус эхлүүлж, “Атрын-III” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

 

Монгол Улсын Засгийн газраас олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд  гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, дэмжин хөгжүүлэх,  үндэсний эдийн засгаа хамгаалах, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Худалдааны тухай”  хуулийн төслийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, худалдааны салбарыг бодлогын шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна.

 

Монгол улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд өчигдөр /2016.12.15/ “Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, цаашид Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, худалдааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, хоршоологчдын идэвхи оролцоо, дэмжлэг нэн чухал болохыг онцлон тэмдэглэж харилцан санал солилцсон бол өнөөдөр  салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, алдартнуудыг шагнаж урамшуулах зорилгоор баярын хурлаа хийж байна. Баярын хуралд  орон нутаг, нийслэлээс нийт 800 төлөөлөгч оролцов. Энэхүү ойн баярын арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, УБ хотын Захирагчийн ажлын алба,  Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо, МҮХАҮТанхим болон  бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
ardchilal gj iim l yum bj de:
90 ONOOS UMNUH DUN MDEE NI YAMARCH AYTAIHAN HARAGDDIIN DOTOODIIN UILDVERIIN BARAA 53 HUVI GENUU
2016-12-16