Төсвийг ард иргэддээ мэдээлж байх ёстой
2016-12-19

 

“Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, "Иргэдийн оролцоо" төслийн захирал Б.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа. 


 -Иргэдийн оролцоотой төвлөрлийг сааруулах чиглэлд манай улс ямар ажлуудыг хийж ирсэн бэ?
-Монгол Улс иргэний ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулахад 25 жилийг үджээ. Энэ хугацаанд Монгол Улс төвлөрлийг сааруулахад болон төсвийн зарцуулалтад иргэд хэрхэн хяналт ирсэн талаар  туршлага хуримтлуулсан байна. Тухайлбал, Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш буюу 2009 оноос Ерөнхийлөгч иргэнээ сонсох Иргэний танхим байгуулсан нь өнөөдөр бодит ажил болсон. 2013 оноос Төсвийн тухай хууль шинээр хэрэгжиж, Орон нутгийн хөгжлийн сангуудыг бий болгосон. Үүний дараа төсвийг ард иргэддээ мэдээлж байх ёстой гэх үүднээс Шилэн дансны хуулийг хэрэгжүүлсэн. Гэвч дээрх хуулиар иргэний оролцооны асуудал бүрэн дүүрэн зохицуулагдахгүй байна. Тиймээс нэгдсэн байдлаар асуудлыг тусгасан Иргэний улс төрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсрууллаа. Бага хурлаар бид өнгөрсөн хугацааны үр дүнг хэлэлцэж, хуулийн төслийг танилцуулж байна.


Монгол Улс 25 жилийн хугацаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эрх зүйн орчинд тодорхой зохицуулалтаар хийсэн байдаг. Гэхдээ хэрхэн яаж иргэд оролцох вэ гэсэн процесс нь бүрхэг туссан. Тиймээс Иргэний улс төрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хуулийн төслөө хүргүүлсэн. 
-Хуулийн төсөл батлагдвал  ямар давуу талууд бий болох вэ?


-Бүхий л түвшинд гарсан хуулийг хэрэгжүүлэхэд иргэд яаж оролцох вэ гэдгийг хуульчилж өгнө гэсэн үг. Хуулиндаа иргэд шийдвэр гарахаас өмнө хэрхэн яаж саналаа өгөх вэ, иргэдээс гарсан саналыг олон нийт дэмжсэн эсэхийг хэрхэн тооцож үзэх гэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгаж өгсөн. УИХ хуулийн гол агуулгыг өөрчлөхгүйгээр баталвал иргэний оролцоог зохицуулсан хуультай болно. 


-Иргэний оролцоо гэдгийг хуулиндаа хэрхэн тодорхойлж оруулсан бэ?


-Иргэний оролцоо бол олон төрөл. Сонсгох, саналаа хэлэх, хяналт тавих гэхчлэн иргэний оролцоо олон төрөлтэй. Энэ бүрийг хуульчилж өгөх нь гол асуудал. 


-Гадны улс орнууд иргэний оролцооны асуудлаа хэрхэн хуульчилсан байдаг бол?


-Швейцарийн хөгжлийн агентлаг манай төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Иймээс Швейцарийн холбооны улсууд, бусад манайтай ижил улс төрийн тогтолцоотой улс орнуудын хууль тогтоомжууд дээр иргэдийнхээ оролцоог хэрхэн хангадаг тухайд судалсан. Гадаадн улс орнууд  Иргэдийн санаачилгын бүлэгтэй байдаг юм байна. Тус санаачилгын бүлэг нь өөрсдийн өмнө тулгамдаж буй тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх болоод төр засгаас гарч буй хууль тогтоомжийн хэрэгжилт дээр судлаад саналаа хэлдэг. Үүнийх нь дагуу шат шатанд асуудлыг шийддэг. Манайх энэ жишгээр хуулийн төслийг боловсруулсан.
-Хууль тогтоох, шийдвэрлэх түвшинд иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд саналаа хүргүүлж, тусгуулахыг зорьдог байсан цаг нэгэнтээ ард хоцорсон. Одоо орон нутагт Иргэний танхимуудыг нээлттэй ажиллуулж эхэлсэн.  Ингэснээр иргэдийн оролцоо хэр нэмэгдсэн  байна вэ? 


-Өнгөрсөн жилүүдэд иргэдийн оролцоо нэмэгдсэн. 2009 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Төрийн ордонд өөрийнхөө ажлын өрөөг Иргэний танхим болгосон. Энэ процессийг олон нийт Ерөнхийлөгч хийх гэж байгаа ажлаа сонгох гэж байна  гэсэн ойлголттой хүлээж авч байна. Харин өнөөдөр иргэдийн оролцоо эрэлт хэрэгцээ ихтэй, соёл болон тогтсон. Хөдөө орон нутагт Иргэний танхимууд ажиллаж байгаа. Иргэний танхим байгуулна гэхээр байшин, тусгай өрөө бэлтгэх шаардлагагүй. Сургуулийн заал, гудамж талбайд автобусны зогсоол, олон нийт цугладаг газруудад Иргэний танхимаа ажиллуулаад явж байсан. Иргэний танхим гэдэг ойлголт манайд бүрэн тогтсон жаягтай болж байна. Одоо үүнийгээ хуульчлах хэрэгтэй. Иргэдийн саналыг тусгаж байна уу гэдгийг тооцоход бэрхшээлтэй. Тиймээс хуультай болж, иргэдийн гаргасан саналыг шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгах талаар шийдэх хэрэгтэй. Иргэдийн мэдээлэл олж авах, хяналт тавих эрхийг хуулиар хэрэгжүүлэх нь зүйтэй юм. 


Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин