Хөгжлийн банкийг эрсдлээс ”аварна”
2016-12-20

Хөгжлийн банк өнгөрсөн таван жилийн хугацаанд  2,000 орчим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Эдүгээ 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

Анх 16.7 тэрбум төгрөгөөр дүрмийн санг бүрдүүлж байсан бол үе шаттайгаар нэмэгдүүлсээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 245.3 тэрбум төгрөгт хүрчээ.  Гэвч Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн өсөлт зээлийн хурдад гүйцэхээргүй хол хоцорчээ. Өсөлт буурснаар Хөгжлийн  банк санхүүгийн үзүүлэлтүүдээ хангаж ажиллахад хүндрэлтэй тулгараад байгаа аж. Тиймээс  банкны өөрийн хөрөнгийн зохистой байдлыг хангах, хөрвөх чадвартай актив хөрөнгийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас зарим арга хэмжээг авах төслөө УИХ-д өргөн бариад байгаа юм.  

 

Хөгжлийн банкны тухай хуулийн 24.1.1-д “зээл, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийг 50 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх”-аар заасан. Харин энэ оны 11 дүгээр сарын байдлаар Хөгжлийн банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан байна. Энэ нь тус банкны өөрийн хөрөнгөтэй харьцуулахад 33.41 дахин их байгаа нь хязгаарлалтыг зөрчихөд дөхөж очжээ.

 

Нөгөөтэйгүүр олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн зарим эх үүсвэрүүдийн хүрээнд байгуулсан гэрээний үүргийн дагуу тус  банк өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон чанаргүй зээлийн хэм хэмжээг зохистой түвшинд байлгах, мөрдөж ажиллах үүрэгтэй. Шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж төлбөрийг барагдуулах үүргийг хүлээдэг байна.  

 

Гадны банк санхүүгийн байгууллагуудтай хийдэг гэрээ хэлцэл нь олон улсын санхүүгийн зах зээлд мөрдөгддөг загварыг дагадаг.  Эх үүсвэр татахдаа байгуулсан гэрээ, хэлцэлүүд нь кросс-дефолт заалтыг агуулсан байна.  Кросс-дефолт гэдэг нь хэрэв зээлдэгч тал нь аль нэг гэрээний үүргээ эс биелүүлсэн тохиолдолд бусад зээлийн гэрээнүүдийн үүргийг биелүүлээгүй гэж шууд тооцох хатуухан заалт юм.

Цаашлаад Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүд нь Монгол Улсын Засгийн газрын баталгаатай байдаг. Үүнээс үүдэн Хөгжлийн банк үүргээ биелүүлээгүй тохиолдолд Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл дагуулдаг байна.

 

Төгрөгийн ханшийн огцом өөрчлөлт  Хөгжлийн банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ.  Хөгжлийн банк 179.1 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдалтай байгаа гэнэ. Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Хөгжлийн банкны энэ оны эцсийн санхүүгийн үзүүлэлтүүд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  эх үүсвэрийн гэрээний зүйл, заалтыг зөрчиж улмаар тус банкны 110 орчим сая ам.долларын эх үүсвэр хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүсээд байгаа аж.  Улмаар Хөгжлийн банк болон Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон эх үүсвэр хугацаанаасаа өмнө буцаан дуудагдах нөхцөл бүрдэх гэнэ.

 

Эдийн засгийн хямралтай үед банк санхүүгийн салбарыг төр, засгаас дэмжиж ажилласаар ирсэн.  АНУ-ын Засгийн газар 2008 оны эдийн засгийн хямралын үед  банкуудын муу зээлийг худалдан авч, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар банкны санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж байжээ.   ИБУИНВУ-ын Засгийн газраас мөн онд олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх, банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор "банкуудыг аврах" хөтөлбөрийг хэрэгжүүлж, байсан байна.

 

Харин өнөөдрийн тухайд Хөгжлийн банкны санхүүгийн чадавхийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газар зорьсон байна. . Энэ арга хэмжээний хүрээнд тус банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэг  их наяд хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэх аж.

 

Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ.  Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлснээр цаашид хэрэгжих зээл, төсөл хөтөлбөр ДНБ-д эзлэх өрийн таазанд нөлөөлөх эсэхийг гишүүд хэлэлцэх биз.

 

Ямартай ч үндсэн хөрөнгийг нь нэмэгдүүлснээр Хөгжлийн банкны санхүүгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, цаашид шинээр эх үүсвэр татан төвлөрүүлэх болон эх үүсвэрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэх гэнэ. Хөгжлийн банк  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр олон улсын түвшинд Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй, ирэх дөрвөн жил УИХ-аас баталсан хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкийг  санхүүжүүлэгчээр ашиглах боломжууд нээгднэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Yag ingej eheldeg umdaa,,,,grek, italy, ispani geh met olon oron ingej ard tymnii horongiig suiryylsen, tegeed avarch baigaa ni ene gej baaihan gadnii ayultai bolzoltoi zeel, ulsiin ooroor helvel ard tymnii horongoor avardag, tegeedch avragddaggui ulam ih ih horongo alga boldog umdaa,,,!!!!!!!!!!!!!! Hezeech ulsiin horongoor avarna gej baihgui shyy !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-12-20
Зочин:
ЭНЭ БАНКИИГ ДАМПУУРЛАЖ ХУВААГААД ХУСЧИХАВ ДАА
2016-12-20