В.Путин: Бид хариугаа авах болно

Турк дэх ОХУ-ын Элчин сайд халдлагаар амиа алджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
ОХУ, Туркийн дипломат харилцаанд сэв суусан үйл явдал өчигдөр тохиолоо. Учир нь Туркийн Анкара хотноо суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайд халдлагад өртөж, амь насаа алдсан байна.
Элчин сайд Андрей Карлов өчигдөр албаны хүмүүсийн хамтаар Анкара хотноо нээгдсэн хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэнд оролцох үеэрээ ийнхүү амиа алджээ. Тэрбээр үзэсгэлэнгийн нээлтэд зориулан “Үнэхээр сэтгэл хөдлөм өдөр байна” хэмээн хэлэхэд танхимд буун дуу гарчээ.
Элчин сайд биеэ хамгаалж чадалгүй, цээжин тус газраа буудуулжээ. Танхимд ОХУ-ын Элчин сайдын яамны 12 ажилтан, 40 гаруй уран бүтээлчид болон хэвлэлийнхэн байсан аж. Элчингийн аминд хүрсэн этгээд Туркийн иргэн бөгөөд тус улсын цагдаагийн офицер байсан нь олныг гайхшруулжээ. Мевлут Мерт Алтинтас гэх 22 настай залуу Элчингийн амийг хөнөөсөн байна. Тэрээр танхимд орж ирэхдээ “Оросууд, Сирийн асуудалд хэтэрхий их оролцож байна. Та нар гэмгүй иргэдийг хөнөөж байна. Алеппо хотыг босогчдоос чөлөөлсний хариу. Алеппо хотыг бүү март. Сирийг битгий мартаарай. Аллах Акбар. Аллах агуу юм” хэмээн хэлжээ. Тэрээр үзэсгэлэнгийн танхимд орохдоо цагдаагийн үнэмлэх үзүүлсэн аж. Хамгаалагчид “Түүнд албаны бичиг баримт байсан. Тиймээс орох зөвшөөрөл өгсөн” гэсэн байна. Мевлут Мерт Алтинтас 1994 оны долоодугаар сард Манис мужид мэндэлжээ. Тэрээр 2013 онд цагдаагийн академи төгсөөд, цагдаагийн газарт ажиллах болжээ. Хамтран ажилагсад нь “Тэр их дуугүй хүн байсан” гэсэн байна.
Цагдаагийнхан шуурхай ажиллаж, Элчингийн аминд хүрсэн этгээдийг устгасан байна. Түүнийг ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлсэн аж. Мөн түүний нийгмийн сүлжээг хянаж, террористуудтай холбоо тогтоосон эсэхийг мөрдөж эхэлжээ. Уг хэргээс болж, 100 гаруй цагдаа болон тусгайгийнхан үзэсгэлэнгийн барилгыг хамгаалтад авч, халдлага болсон танхимаас иргэдийг яаралтай гаргасан байна. Мөн цагдаагийнхан гэмт этгээдийг аав, ээж, эгч болон түүнтэй холбоотой хоёр эрэгтэйг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба “Анкара хотноо суугаа бүрэн эрхт Элчин сайд террорист халдлагын улмаас амиа алдлаа. Энэ бол санаатай аллага мөн террорист халдлага” гэж мэдэгджээ. Элчингийн амийг хөнөөсөн хэргийн ард ямар бүлэглэл байгаа, захиалагч нь хэн болохыг тогтоохоор ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын хэсэг ажилчид Анкара хотноо ажиллахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков илэрхийлж “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Тун удахгүй бид буруутанг барих болно. Энэ бол зохион байгуулалттай аллага” гэсэн байна.
Песковын мэдэгдлийн дараахан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдож, эмгэнэл илэрхийлжээ. Эрдоган Анкара хотноо болсон хэрэг хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй гэдэгт найдаж байна. Би энэхүү хэрэгт гол анхаарлаа хандуулж, буруутанг заавал шийтгэх болно. Хоёр улс энэхүү хэргийн ард хэн байгааг тогтооход хамтрах ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байна. Удирдагчид 25 минут орчим ярилцсан талаар албаныхан өгүүлэв. Ерөнхийлөгчийн тушаалын дагуу Анкара хотноо байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хамгаалалтыг нэмэгдүүлжээ. Элчингийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Орос, Туркийн харилцааг муутгах улмаар Сирийн нөхцөл байдлыг доройтуулах зорилготой өдөөн хатгалга хэмээн ОХУ үзэж байна. Бид хамтын хүчээр буруутанг олох болно. Бид хариугаа авах болно. Москва терроризмын эсрэг тэмцлээ эцэс буцалтгүй эхлүүлж, алуурчдыг шийтгэх болно” гэж мэдэгджээ.
Харамсалтайгаар амиа алдсан Элчин сайд Андрей Карловын талаар Ерөнхийлөгч “Сайн нөхөр, сайн дипломатч байсан. Үнэхээр харамсалтай. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье” гэсэн байна. Мөн албаныханд гадаадын орнуудад ажиллаж буй ОХУ-ын Элчин сайдын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг тушаасан аж.
Хэдий эмгэнэлтэй үйл явдал болсон ч Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Москва хотноо хийх айлчлалаа хуваарийн дагуу хийхээ мэдэгдлээ. Сайд ОХУ, Ираны Гадаад хэргийн сайдтай уулзах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ