Гал түймрийн улмаас 16 хүүхэд амиа алджээ
2016-12-20

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг Онцгой байдлын Ерөнхий газрын  гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү танилцууллаа.

 

Он гарсаар нийт 3700 гаруй ахуйн гал түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 гаруй хувиар буурсан үзүүлэлт боловч гал түймэрт өртөж нас барсан хүний тоо буурахгүй байгаа аж. Тухайлбал өнгөрсөн онд гал түймрийн улмаас 52 хүн нас барсан бол энэ онд мөн 50 гаруй хүн нас барсан мэдээ байна. Эдгээр иргэний 16 нь бага насны хүүхэд байжээ. Энэ сарын сүүлийн 20 хоногийн хугацаанд гэхэд л түймрийн улмаас 10 хүн амь насаа алджээ. Эдгээрийн 50 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байсан аж.

 

Тухайлбал өчигдөр /2016.12.19/ Нийслэлийн ХУД-ийн 12 дугаар хороо, зээлийн барилгын 13 дугаар гудамжинд оршин суух иргэн Ц-гийн гэр шатжээ. Улмаар 1 настай эрэгтэй Ц, 4 настай эмэгтэй Н, 5 настай эрэгтэй Г нарын гурван бага насны хүүхэд галд өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эцэг эх нь бага насны хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын гурван хүүхэд ийнхүү галд өртсөн байна.

 

Ахуйн гал түймэр цахилгааны ашиглалтын горим зорчсоноос болон буруу галлагааны улмаас их гарч буй аж. Түймэрт бага насны хүүхдүүд болон өндөр настай хэвтрийн хүмүүс өртөж нас барсан тохиолдол дийлэнхи хувийг эзэлжээ.

 

Иймд өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд,  бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин