Бичил уурхай байгалийг сүйтгэж байна
2016-12-21


Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.
 

 
Уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал, дүгнэлтийг боловсруулсан тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хийв. Тэрбээр,

 

-Өргөдлийн байнгын хороонд иргэдээс уул уурхайн үйл ажиллагааны их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо, газрын эвдрэл, гэмтэл хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхайн тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар өргөдлүүд тогтмол ирүүлж байна. Иргэдийн өргөдлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, 17 аймаг, нийслэлийн Засаг даргын мэдээлэлд үндэслэн гаргав гээд Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Үүнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.11 дэх хэсэгт Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлнэ гэж заасныг хэрэгжүүлэх журам гаргах шаардлагатай байна. Иймд Байнгын хорооноос Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна хэмээлээ.
 
 
Дараа нь Төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл өргөдлөө танилцуулсан юм. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ хийсэн мэдээлэлдээ, байгаль орчны бохирдлын асуудлаар өргөдөл, гомдол ихээр ирүүлдэг. Үүнд тоос шороо, газрын эвдрэлтэй холбоотой асуудал дийлэнхийг эзэлдэг, иймд аж ахуйн нэгжүүдийг тусгай лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээлээ. Харин ХУД-ийн 13-р хорооны иргэн Г.Отгонбаатар иргэдийг төлөөлж хэлэхдээ, тус нутгийн газар нутагт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газрыг ихээхэн сүйтгэж байгаагийн сацуу мал бэлчээрлэх газаргүй болгож буй тухай танилцуулж, холбогдох арга хэмжээ авч, нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж монголын хамгийн урт гол болох Орхон голын бохирдлын асуудал болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авсан эсэх мөн ямар дүгнэлт гарсан тухай холбогдох албан тушаалтнуудаас тодруулав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр өгсөн тайлбартаа, энэ оны 8 дугаар сараас хойш ажлын хэсэг 3 удаа ажилласан бөгөөд Орхон голтой холбоотой тайлан хараахан ирүүлээгүй байна гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлээс нөхөн сэргээлтийн асуудал орхигдсон байдаг үүнтэй холбогдуулан бичил уурхайг цаашид хэрхэхийг асуув. Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба "Орон нутгийн ИТХ-аас тогтоол гардаг, энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцдэггүй. Бичил уурхайн нэрийн дор байгаль сүйтгэж байгаа нь үнэн. Энэ ажлыг таслана зогсоох ажил явагдаж буй хэдий ч бодит үр дүнд хүрэхгүй байна. Иймд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага тулгараад байна" хэмээн тайлбарлав.

 

Ийнхүү байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн дэмжлэг авсан юм.
 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
бичил уурхай нэртэй газар нутгийг өлийн цагаан оготон шиг сүйтгэж байгаа төр захиргааны нууц ажиллагааг таслан зогсоох хууль санаачлах сачийтай эх орнч УИХ-ын гишүүн байна уу. Бичил уурхайн цаад хамгаалалт бол төв, орон нутгийн удирдлагууд байгааг иагнуулынхан олж тогтоож чадахгүй байна уу эль эсвэл өөрсдөөч оролцоод завгүй сууна уу.
2018-12-06
Иргэн:
Нинжа хэмээн өхөөрдүүлсэн бүлэг хулгайч,дээрэмчдийг бичил уурхай хэмээх гоё нэрээр өөгшүүлэхээ болиоч ээ?!?! Шууд хууль гаргаад хориглох хэрэгтэй.
2016-12-21