Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаснаас ачаалал үүссэн
2016-12-23

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хөгжлийн банкны талаар авах  зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Хөгжлийн банкны өнгөрсөн таван жилийн хугацааны  зээлийн эргэн төлөлт 7,8 хувьтай, харин 92.2 хувь нь  төлөгдөөгүй байгаа аж.  Үүнээс 14 орчим  хувь нь чанаргүй, 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байгаа аж. Зарим  зээлдэгч нэг бус 4 удаа зээлийн эргэн төлөлтөө хойшлуулан сунгажээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал манай улсын төсвийн сахилга баттай холбоотой байна. Төсвийн хариуцлагыг сахилга батжуулахын тулд манайхан гадаадын туршлага судалж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан байдаг. Энэ хуулиар өрийн тааз 60 хувиас хэтрэхгүй байхаар заасан байдаг. Гэтэл 2012 оноос эхлээд манай улс их хэмжээний шингээхгүй зээл авсан байна. Энэ зээлийн мөнгө нь хаашаа урсан орсон нь тодорхойгүй. Төрийн өмчит аж ахуй нэгжийг санхүүжүүлж, өрийн тааз нь хэтэрсэн. Хөгжлийн банкнаас цөөхөн аж ахуй нэгжүүдэд зээл олгосон. Үүний нэг нь миний удирдаж байсан “Монполимент” компани. Энэ компанийн авсан зээлийн эргэн төлөлт ямар байгааг мэдээлэх хэрэгтэй гэсэн юм. Хөгжлийн банкны захирал  Б.Батбаяр “Монполимент компанийн авсан зээл хугацаандаа төлөгдөөд явж байгаа. Бусад МИАТ, Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниуд Засгийн газрын баталгаагаар зээл авсан.  Эргэн төлөгдөх хугацаа нь сунгагдсан” хэмээлээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-16 том зээлийн эргэн төлөлт хүндэрсэн байна лээ. Зарим дээр нь Засгийн газрын баталгаа гаргаад өгсөн. Төсвийн байдал хүнд байгаа. Төрийн албан хаагчид, тэтгэврийнхний цалинг юун түрүүн өгөх үүднээс зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан. Үүнээс цааш Хөгжлийн банкны зээлийг төсвөөс тусад нь авч үзэхээр болсон. Зээлийн эргэн төлөлт 7.8 хувьтай,  маш муу байгаа гэсэн хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Засгийн газар 2.6 их наядыг  Хөгжлийн банкинд өгөх ёстой юм билээ. Энэ нь Чингис бондоос авсан зээл байна. Энэ зээлүүдийн 54 хувь нь бүтээн байгуулалтад оржээ. Түүнээс бус мөнгө алга болоод цох дутсан зүйлгүй юм байна. Үүн дотроо автозамын 88 төсөл хэрэгжсэн байгаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх үү?

 

-Үе шаттайгаар нэг их наяд төгрөгийг нэмэгдүүлнэ гэсэн заалттай байгаа. Хөгжлийн банк өөрийн дүрмийн санг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдэг заалттай. 110 тэрбум төгрөгөөр Зээлийн эрдслийн сан байгуулсан.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Эрдслийн санг яагаад 110 тэрбум төгрөгөөр байгуулсан юм бэ? Энэ нь нийт зээлийн хэдэн хувь бэ?

 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр:

 

-Нийт 6 их наяд төгрөгийн зээл байгаа. Нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөлттэй хийгдэж байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаснаас ачаалал үүссэн. Засгийн газраас тооцоог нь салахгүй бол нийтдээ хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд 2 их наяд төгрөгийн Зээлийн эрсдлийн сан байгуулах шаардлагатай байгаа. Нийт зээлийн 4 хувьтай тэнцэх санг одоогоор байгуулаад байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үр ашгаа хурдан хугацаанд өгөхгүй төсөлд мөнгө зардаггүй гэдгийг бүгд мэддэг мөртлөө зараад байгааг юу гэж ойлгох вэ?
2016-12-23