Дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв
2016-12-23

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат АНУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галттай Монгол-Америкийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд хоёр улс эрх тэгш, харилцан итгэлцсэн түншлэлийг хөгжүүлж ирсэн бөгөөд 30 жилийн хугацаанд хамтын ажиллагаа тууштай өргөжин хөгжиж өнөөдөр иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүртэл хөгжиж байгааг сайд Д.Ганбат онцлов. Тэрээр хоёр улс хамтран Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр Чойр-Сайншандыг холбосон 176.4 километр авто замыг барьсан нь зам, тээврийн салбарын хэмжээнд хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсний тод жишээ гэдгийг хэллээ. Мөн Дэд бүтэц хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүд болох шинэ төмөр зам, олон улсын шинэ нисэх буудал, дамжин өнгөрөх тээвэр, автозамын төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд яамны зүгээс хийгдэх ажлуудаа Элчин сайдад танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн санал тавьсан юм.

 

Тухайлбал Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулах МСС-ийн 2 дахь Компакт гэрээнд зам, тээврийн салбарыг хамруулах боломжтой тохиолдолд тээврийн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Чойр-Сайншандын замыг 3 эгнээтэй болгон өргөтгөж хүчитгэх, Улаанбаатар-Налайх-Замын-Үүд чиглэлийн 620 км замыг зам дагуух үйлчилгээний байгууламжийн хамт шинэчлэх, УБ-Дархан чиглэлийн замыг 4 эгнээ бүхий 1-р зэргийн зам болгон бүрэн шинэчлэх саналыг тавьжээ. Мөн аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажилд дутуу байгаа бөгөөд Говь-Алтай, Увс аймгийн чиглэлд тус бүр 130км зам дутуу байгааг гүйцээж барих шаардлагатай байгааг дуулгалаа.

 

Элчин сайд Женнифер Зимдал Галт Монгол Улсын эдийн засаг, нийгмийн чиглэлд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид зам, тээврийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин