Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлах баг ажилдаа орлоо
2016-12-23

 

  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм. 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид оржээ.

 

“Ажлын хэсгээс 21 аймаг, нийслэл хотод явуулсан судалгаа, хийсэн хэлэлцүүлэг, гаргасан дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд танилцуулна. Хэдийгээр би Ажлын хэсэг байгуулсан ч Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй, хараат бус байдлыг нь хангана. Өөрөөр хэлбэл Засгийн газарт таалагдсан санал, дүгнэлт гаргуулахгүй гэсэн үг. Энэ үүднээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн намын төлөөлөл, улс төрчдийг оруулаагүй. Та бүхнийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж, шаардлагатай санхүүжилтээр дэмжинэ. Бид хууль, эрх зүйн орчин, бодлого, үйл ажиллагаандаа алдаа гаргах эрхгүй. Засгийн газар бодит судалгаа, тооцоотой, үүндээ үндэслэсэн дүгнэлттэй ёстой” гэж  Ерөнхий сайд хэлээд тэдний байр суурийг сонслоо.

 

М.Батчимэг: /Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх/ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсанд судлаач хүний хувьд талархаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь үндэсний зөвшилцлийн асуудал учир хамтран ажиллахад бэлэн байна.

 

Д.Ламжав: /иргэн/ Үндсэн хуулийн яг юуг нь засч сайжруулах нь зүйтэй вэ гэсэн чиглэлээр хийсэн судалгаа бий. Гэхдээ энэ Ажлын хэсэг илүү сайн төсөл бий болгоход анхаарч ажиллая.

 

Б.Гүнбилэг: /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж, энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн учир зарим зүйл нь тодорхой байгаа. Одоо яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ Ажлын хэсэг дээрээ тодотгож, энэ чиглэлээ барьж ажиллавал дээр байх.

 

Н.Лувсанжав: /”Легимитус” ТББ-ын УЗ-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал ард нийтийн санал асуулга, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой гэсэн уур амьсгал байдаг. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломж бий юу гэдэгт бас анхаарах хэрэгтэй.

 

Ц.Даваадулам: /НҮБХХ-ийн засаглалын багийн ахлагч/ Ажлын хэсэг юуны түрүүн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Сэдвүүдээ хувааж авч хэлэлцүүлэг зохион байгуулбал үр дүнтэй байх болов уу.

 

Г.Чулуунбаатар: /ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг хөндөх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирээч гэж ойлголоо. Үндсэн хуулиа өөрчилсөн гадны орнуудын туршлагыг судалсан байдалд чанарын задлан шинжилгээ хийе. Үндсэн хууль дахь ямар асуудлыг нь хөндөх, үндэсний зөвшилцлөө  яаж явуулах юм гээд 2-3 хувилбартай, олон нийтийн санаа бодлыг тусгасан байхаар судалгаа хийх нь зүйтэй.

 

А.Эрдэнэцогт: /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор/ Ажлын хэсэг хамрах хүрээгээ зөв тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний дүгнэлтийг хэрхэн тусгаж, ямар шийдвэр гаргах нь Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх. Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа гэж ойлгодог. Энэ чиглэлээ баривал зүгээр байх.

 

Д.Миеэгомбо: /”Ёс өмгөөллийн нөхөрлөл” ХХН-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр хийх ёстой. Ингэж чадвал өөрчлөлтийн нас урт, тогтвортой байх үндэс бүрдэнэ.

 

 

Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж, санал, дүгнэлтээ ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах үүрэг хүлээсэн ч энэ хугацааг сунгах боломжтой хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хаа дуртай ГАЗРАА ГЭРЭЭ ЗООГООД АМЬДАРЧ БОЛНО ГЭДЭГ АМЬДРАЛГҮЙ ДУРАК ЗААЛТАА АВЧ ХАЯАРААЙ ДАА. УТААНДАА БООГДОЖ ҮХЭХГҮЙ ГЭВЭЛ. ТЭР ТЭНЭГ ЗААДТААС БОЛЖ УЛААНБААТАР СӨНӨЖ БАЙНА
2016-12-23