Шадар сайд Улсын нөөцийн салбар байгууллагуудтай танилцлаа
2016-12-23

 

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнөөдөр  ОБЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Өвс тэжээл, Хүнсний нөөцийн салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох чиглэл өгч ажиллав. Тус обьектууд нь Улсын нууцын зэрэглэлд хамаардаг, онцгой байгууллагууд бөгөөд нэн шаардлагатай үед холбогдох журмын дагуу нөөцийн агуулахаас шаардлагатай тусламжийг үзүүлэх чиг үүрэг хүлээн ажилладаг байна.

 

Шадар сайд улсын нөөцийн зарим салбаруудын үйл ажиллагаатай танилцах үеэрээ өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй зарим аймаг, сумуудад нөөцийн өвс, тэжээл татан төвлөрүүлэх, шаардлагатай үед бараа, материалын нийлүүлэлт  хэрхэн хийгдэх асуудлуудтай биечлэн танилцсан юм.Тэрээр “Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч бид өвлийг өнтэй давах асуудалд бүхий л анхаарлаа төвлөрүүлж ажиллах учиртай. ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн өндөр сахилга баттай,  хариуцлагатай ажиллаж чадах юм бол зудыг онц хохиролгүйгээр давах бүрэн боломж бий.

 

 

Олон Улсын донор байгууллагууд, НҮБ, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудад Шадар сайдын хувиар хандаж, өвөлжилтийн хүндрэлийг гарз хохирол багатай даван туулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг уриалсан байгаа. Тусламжийг оновчтой, малчдын гар дээр шууд очих тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй байна” гэж онцолсон юм.

 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим хэсгээр тал газраа 25-35 см, уулархаг гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан цастай байна гэдгийг албаныхан өглөө. Шадар сайдын зүгээс “Энэ жилийн хувьд эрт цас орж эхэлснээр цасны зузаан нягтарч хатуурснаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ, халцарч байгаа нь малын тарга тэвээргийг муудахад хүргэж байна. Тиймээс зудтай болон зудын эрсдэлтэй сумуудад одоо нөөцийн өвс, тэжээлийг эрт хүргүүлснээр бид энэ өвлийг гарз хохирол багатай даван туулах юм”  гэж санууллаа.

 

Шадар сайд энэ үеэр холбогдох албаныхан дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

 

  • Өвс, тэжээлийн хүрэлцээ багатай өвөлжилт хүндэрсэн зарим сумдад улсын нөөцийн өвс, тэжээлийг шилжүүлэн байршуулах асуудлыг орон нутгийн удирдлагуудтай ярилцан шийдэх,

 

  • Орон нутгийн онцгой байдлын байгууллага, онцгой комиссын гишүүд хүндрэл, бэрхшээлтэй асуудал, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг бодитоор шуурхай гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай ирүүлж байх

 

  •  Урьдчилсан судалгаагаар орон нутагт 4330 тн өвс, 4330 тн тэжээл, 1080 тн хоол хүнс, 12759 хос дулаан хувцас, 557 тн шатахууны хэрэгцээг шаардлага бий. Иймд Олон Улсын мөнгөн тусламжийг дээрх нэр төрлийн зүйлсийг худалдан авахад чиглүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгөв.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин