Хөгжлийн банкны шалгалтын дүнг нууцын зэрэглэлээс гаргахыг хүслээ

УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, мөн тус банкны шалгалтын дүнтэй холбоотой асуудлаар хэлэлцжээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүдээс тодорхой мэдээлэл авсан байна. Тус бүлгийн гишүүд Хөгжлийн банкны шалгалттай холбоотой асуудлаар санал бодлоо солилцжээ. Хөгжлийн банкны шалгалттай холбоотой 200 гаруй хуудас баримтыг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан тарах үеэр Засгийн газраас УИХ дахь МАН-ын бүлэгт нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
-Хөгжлийн банкны шалгалтын нууцын зэрэглэлтэй материалыг гишүүд чуулганы танхимаас шууд олон түмэнд цацаж байгаа нь хууль зөрчиж байна гэж бид үзлээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай холбогдсон шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргахад тодорхой үйл ажиллагаатай байдгийг бид мэднэ. Өнөөдөр шалгалтын дүнг олон түмэнд нэгэнт цацаж байгаа учраас бид удаа дараа шаардлага тавьж байгаа. Иймд холбогдох байгууллагууд нь шалгалтын дүнг энэ долоо хоногтоо нууцын зэрэглэлээс гаргаж тавихыг бүлгийн гишүүд хүслээ. Мөн эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт хуулийн хүрээнд явагдсан эсэхийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулж байгууллаа. Яг одоо мөрдөж байгаа Хөгжлийн банкны хуулийн дагуу төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн үү, АН-ынхны яриад байгаа шиг МАН-ын тодотголтой компаниуд санхүүжилтийг нь авсан уу, эсвэл улс төр хийгээд байна уу гэдгийг ард түмэнд ил гаргаж тавих тал дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Яагаад ингэж үзэв гэхээр “Монполимет”, “МАК”-ийн төслүүд дээр голлож “МАН-ынхан зээл авсан” гэдэг зүйлийг ярьж байна. Та бүхэн анзаарч байсан бол УИХ-ын сонгуулийн өмнө “МАК”, “Монполимет” цементийн үйлдвэр дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг очиж тууз хайчлаад “Хөгжлийн банкнаас олгосон хамгийн үр дүнтэй төсөл боллоо” хэмээн уриалж олон нийтэд онцолж байсан. Тиймээс бид өнөөдөр олон түмэнд энэ мэдээлэл үнэн байсан уу, худал байв уу гэдгийг нээлттэй болгох ёстой гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ