Спортын онцлох үйл явдлыг ШУУД нэрлэж байна
2016-12-27

 

Цаг хугацааны эргэлтээр баяр, гунигтай, инээд хөөртэй нэгэн он улирч, шинэ он, шинэ жил айсуй. Эрхэм уншигч таныг энэ жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж, ирэх оноо угтан авахаар бэлтгэн буй цаг дор  энэ онд  Монгол Улсын спортын салбарт болсон онцлох 10 үйл явдлыг ШУУД.мн сайт  нэрлэж байна.

 

Монгол Улс өвлийн олимпийн аваргатай болов

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бид саяхан л “Өвлийн олимпийн медальтан Монголд төрөөсэй” хэмээж суусан бол энэ онд тэр хүсэл биелэлээ олж, бид өвлийн олимпийн аваргатай болсон билээ. Тэр бол Монгол Улсын тамирчин Буянтогтохын Сумъяа. Тэрбээр Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпид гүйлтийн тэшүүрийн төрлөөр өрсөлдөж алтан медалийн эзэн болсон юм. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа өвлийн олимпийн төрлөөр  олимпийн аваргатай болсон.

 

Дугйн спортын түүхэнд шинэ хуудас нээв

 

 

Энэ оны долоодугаар сард Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаан болсон. Энэхүү уралдаанд  Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртэн, дугуйн дэлхийн аварга болж, бахдам амжилт үзүүлэв.  Ийнхүү Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудсыг 18 настай тамирчин хүү нээсэн юм.

 

Мөн тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Швейцарь улсад болсон ханан тойргийн уралдаанд оролцож аварга болсон байна. Мөн  сард Франц улсад болсон "Prix cycliste de Marchaux" 98 км-ийн уралдаанд амжилттай оролцож аваргалсан. Улмаар аравдугаар сарын 10-нд Катар улсын Доха хотноо болсон засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. Гэвч  уралдааны замд Шинэ Зиландын тамирчин түүний хойноос мөргөж, дугуйны араа солигчыг нь эвдэж тэмцээнээс гаргасан юм.

 

Б.Тэгшбаяр нь “Tour de Mongolia 2015” тэмцээний шилдэг залуу тамирчин. “Yunnan Grandfondo 2015” олон улсын тэмцээний хүрэл, Парисын цомын тэмцээний мөнгө, “Troffen anadia 2016” тэмцээний хошой хүрэл, УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальт. 2016 оны тойрог замын залуучуудын ДАШТ-ий аварга болоод байна. Монголын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ юм.

 

Ардын наадмын 22 дахь аварга Ч.Санжаадамба

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглов. Түүхэн тэгш ой тохиосон баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Ч.Санжаадамба арав даван түрүүлж, улсын аварга цолтон болов.

 

Тэрбээр арвын даваанд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагвыг давж, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлэн ардын наадмын 22 дахь аваргаар тодорч, Архангай аймгаас төрсөн тав дахь Улсын аварга болсон юм.

 

Барилдааны үзүүр түрүүнд Улсын начин Р.Пүрэвдагва, Улсын заан Ч.Санжаадамба нар тунан үлдсэн. Улмаар Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба давснаар аварга цол хүртсэн. Харин Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Их засаг их сургуулийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва улсын арслан цолтой үлдсэн юм.

 

Арслангуудын “арсалдаан”

 

 

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын арлсан П.Бүрэнтөгс, Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар учраа таарсан. Уг барилдааны эхэнд Улсын арслан П.Бүрэнтөгс давсан гэж олон нийт үзсэн ч хөлийн цэц тэдний барилдааныг хайнцсан гэж үзэн дахин барилдуулсан нь бөх сонирхогчдын дунд маргаан дэгдээсэн юм. Дахин барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва давж арслан цол хүртсэн билээ.

 

Дараа нь Улс тунхагласны 92 жилийн ойн баярт зориулсан хүчит 256  бөхийн барилдаанаар хоёр арслангын “арсалдаан” бөхийн хорхойтнуудыг талцуулаад авсан. Зургаагийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Р.Пүрэвдагвыг амлан барилдаж, давснаар улсын наадмын “даагаа нэхээд” авсан. Харин унасан бөх ууртай гэгчээр Р.Пүрэвдагва арслан тахимаа өгөхгүй хэсэгхэн “гэдийж”, өнөөх нь ч тосож авахгүй гэж тоомжиргүй царайлсан нь олон нийтийг талцуулахад хүргэсэн юм.

 

Нэг хэсэг нь “Улсын наадмаар Р.Пүрэвдагва унаагүй гэж “гүрийж” байгаад дахин барилдаад давсан. Сайхан барилдаантай ч унаж чаддаггүй бөх”. Өнөө хэсэг нь “Бүрэнтөгс жудаггүй зан гаргаж, монгол бөхийн ёс жаягийг эвдэж, их зан гаргалаа” хэмээх аж. Ерөөс олон нийт ийм л хоёр өгүүлбэрийг хоёр талаас шидэлцэн жалга довоор хуваагдаж байлаа. Гэвч цолондоо дүүрэн барилддаг  арслангууд шударга сайхан л өрсөлдсөн. Арслан П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагва арсланг амласан нь бөхийн барилдааныг үзүүштэй болгосон нь үнэн. Унасан  ч давсан ч угаас нэр муутай хоёр арслан олон жил эн тэнцүү барилдаж, өргөн түмнээ баясгана даа.

 

Бразилийн тэнгэрт Монгол төрийн далбаа мандлаа

 

 

Бразилийн Рио-де-Жанейро хотноо энэ оны наймдугаар сард зуны Олимпийн XXXI наадам болсон. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг гэгдэх энэхүү наадмын жүдо бөхийн -57 кг-ийн жинд барилдсан МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэн дэх анхны медалийг хүртсэн юм.

 

Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Каори Мацумотог цэвэр ялснаар олимпийн мөнгөн медалийн болзол хангасан. Улмаар аваргын төлөө  Бразилийн бөх Рафаела Силватай барилдсан ч ялагдал хүлээсэн. Энэхүү барилдааныг монголчууд шударга бус боллоо гэж үзэж нэлээдгүй маргалдсан.   Уг барилдааныг олимпийн жүдо бөхийн шүүгч М.Бөхбат "дүрмийн дагуу ханцуй атгасан бол гараар хөлөнд хүрч болно" хэмээн дүрмийн дагуу болсон гэдгийг тайлбарласнаар маргаанд цэг тавьсан юм. Ийнхүү МУГТ Д.Сумъяа Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж медалийн салхийг хагалсан юм.  Түүнийг МҮОХ-ноос энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар нэрлэж, “Бөртэ Чоно” шагналыг хүргээд байна.

 

Түүний дараа медалийн буухиаг боксын төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд тулалдсан ОУХМ Д.Отгондалай үргэлжлүүлж хүрэл медаль хүртсэн билээ. Мөнгөн медалийн төлөө  манай тамирчин Д.Отгондалай   Францын боксчин Софьян Үмиятай тулалдсан. Улмаар Францын боксчинд ялагдаж, "Рио 2016" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Тэдний тулаан мөн л маргаан дагуулсан.  Д. Отгондалай шүүлтэд сэтгэл дундуур буйгаа  илэрхийлж  "Монголын ард түмэн намайг яаж тоглосныг харсан байх аа" хэмээн уйлж байсан нь тун саяхан.  Гэхдээ л тэр олимпийн дэвжээнд гялалзаж чадсан юм. Түүний энэхүү бахдам амжилтыг МҮОХ-оос өндрөөр үнэлж оны шилдгийн шилдэг тамирчнаар нэрлэн “Бөртэ Чоно” шагнал хүртээгээд байна.

 

Г.Мандахнаран ба түүний “нөхөд”

 

 

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгож, Убекстаны тамирчин Ихтиёр Наврузовт ялалтыг өгсөн. Манай улсын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн дэвжээн дээр  хувцсаа тайлан эсэргүүцсэн нь дэлхийн хэвлэлд бичигдэж, ихээхэн шуугиан тарьсан.  Тэдний эл үйлдлийг буруутган Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Мөн МЧБХ-г 50 мянган еврогоор /125 сая төгрөг/ торгож, торгуулийг төлсөн тохиолдолд манай тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг нээх тухай албан бичиг ирүүлж байв. Өдгөө манай улсын тамирчид олон улсын тэмцээнд саадгүй оролцож буй ч  энэхүү маргаан эцэслэн шийдэгдээгүй байна.

 

Паралимпийн тод “өнгө” тэд байв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны олимпийн наадам болж өндөрлөсний дараа зуны XV дахь паралимп үргэлжлэн болсон. Энэхүү наадамд манай улсын найман тамирчинд хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон. Үүнээс хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн билээ.

 

Паралимпийн XV наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн төрөлд манай улсын тамирчин Б.Ууганхүү барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд амжилттай барилдан медалийн салхийг хагаллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросед цэвэр ялагдсан ч дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж цэвэр ялснаар Риогийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан юм.

 

“Рио 2016” паралимпийн наадамд пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн болсон. Тэмцээний эхэнд манай тамирчин 210 кг өргөж улмаар 217 кг-ын захиалга өгсөн ч шүүгчид тооцоогүй. Улмаар гурав дахь оролтоороо мөн 217 кг өргөсөн. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан байв. Ийнхүү паралимпийн XV наадамд өрсөлдсөн манай тамирчид хос хүрэл медальтайгаар наадмыг өндөрлүүлсэн билээ.

 

Арваннайман настай Дэлхийн аварга

 

 

Хүндийг өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Азийн аварга, Дэлхийн аварга гэсэн "том" алдартай боллоо.

 

Манай тамирчин М.Анхцэцэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон.  Мөн Мексикийн Мериад хотод болсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж,  дэлхийн аварга болсон юм. М.Анхцэцэг  дээрхи хоёр олон улсын тэмцээнд зардлын мөнгөгүйн улмаас дасгалжуулагчгүйгээр ганцаар явсан. Улмаар хос медалийн эзэн болсон бахдам амжилттайгаар эх орондоо ирсэн билээ. 

 

Өнгөрсөн наймдугаар сард Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны олимпод тэрбээр наймдугаар байр эзэлж байсан. Арваннайман настай түүнд анхны олимп нь ахадсан, туршлага, сэтгэлзүйн бэлтгэл ч дутсан байж болох. Гэхдээ тэр чансаатай тамирчин гэдгээ харуулж, тив дэлхийд эх орныхоо нэрийг хоёронтаа дуурсгалаа.

 

Багийн спортын амжилтыг  сагсан бөмбөгчид эхлүүлэв

 

 

Азийн Оюутны Аварга Шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI тэмцээн Улаанбаатар хотноо өнгөрсөн есдүгээр сард болсон. Тус наадамд манай улсын  шигшээ баг аваргалж улмаар БНХАУ-ын Шиамень хотноо сагсан бөмбөгийн Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээн оролцох эрх өвөртлөөд байв. Тус тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт үзүүлээд байна.

 

Манай сагсчид  Австралийг 19:12 харьцаатай хожиж, шилдэг дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Үргэлжлүүлэн Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж 18:21 харьцаагаар   хожиж аваргын төлөө тоглохоор болсон. Улмаар Дэлхийн оюутны аварга буюу алтан медалийн төлөө Франц улсын багтай тоглож 12:19 буюу  долоон онооны зөрүүгээр хожигдсон ч багийн спортын амжилтыг эхлүүлсэн юм.

 

Энэ талаар багийн ахлагч “Мон-Алтиус” дээд сургуулийн захирал, М.Өсөхбаяр “Бид багийн спортыг эх орондоо дэлгэрүүлэхийг, хөгжүүлэхийг хичээж тус тэмцээнийг зорьж очсон. Улмаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч үзлээ.  Багийн спорт хөгжихгүй гэдэг үг ард хоцорлоо. Зоондоо хүчтэй багуудтай тоглосон. Ливан багийн холбогч маш чадварлаг, тоглогчид маш өндөр нуруутай байсан. Гэсэн ч манай залуус тус багийг хожиж чадсан” хэмээж байсан юм.

 

Винсон Массиф уулнаа монгол төрийн далбаа мандав

 

 

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь авирч эх орныхоо төрийн далбааг мандуулаад байсан.

 

Тэрбээр дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийж, төрийн далбаагаа мандуулахаар энэ сарын 13-нд эх орноосоо мордсон.  Улмаар өчигдөр өглөө буюу Чили улсын цагаар энэ сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьсан талаар Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

 

Тэрбээр оргилоос бууж "High camp" буюу өндрийн бааз дээр бууж ирээд буй ажээ.  Ингэснээр Уулчин Б.Гангаамаа өмнөд туйлд хөл тавьсан ес дэх Монгол хүн боллоо.

 

Уулчин Б.Гангаамаа:

 

  •     2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

 

  •      2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

 

  •     2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

 

  •     2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

 

  •     2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

 

  •     2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/

 

  •     2016 онд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/ долоо дахь  оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongolin eh oronch erelheg huchirheg emegtei tamirchiddaa bayr hurgue Sumya Anhceceg ta naraar eh oron ard bid baharhdag shu
2017-01-02
Зочин:
Монголын эмэгтэйчүүд бүсгүйчүүдээрээ үргэлж бахархдаг шүү. Эрчүүд минь яачиваа жоохон хор шартай архи хүүхэн мөрийтэй тоглоом хардалт нтр гсн муу зүйлүүдээсээ татгалзаад урагшаа тэмүүлцгээ
2016-12-28
Munhbat:
Mongol emegtei yamar mundag gedgig haruulj chadlaa. Bayar hurgie. Baharhaj bn.
2016-12-27