Богд хаан, Дондогдулам хатны зургийг үзэсгэлэнд дэлгэнэ
2016-12-27

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулан Богд хааны ордон музейгээс “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” үзэсгэлэн нээхээр болжээ.

 

Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр тэртээ 105 жилийн өмнө Монголчууд Манж чин гүрнээс тусгаарлаж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд залж нийт даяар хөл хөөр болж байсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ. Эл тэмдэглэлт өдөрт зориулан Богд хааны ордон музейгээс,  сан хөмрөгт хадгалагдаж буй Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд, Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэхээр зэхэж байна. Түүнчлэн гэрэл зурагт дүрслэгдсэн Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцас, эд хэрэглэлээс  үзэсгэлэнд дэлгэх аж.

 

Үзэсгэлэнгийн үеэр  үйл ажиллагааны хөтөлбөрт хаан хатны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болох гэнэ.  Үргэлжлүүлэн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан урьд өмнө судлагдаж олон нийтийн хүртээлд хүрч байгаагүй Богд хааны нэгэн намтрыг анх удаагаа цугларсан хүмүүст танилцуулж лекц унших ажээ.

 

Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 29-нд Богд хааны ордон музейд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин