Төрийн албаны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
2016-12-27

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. 

 

 
Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж залгамж чанар муутай хариуцлагагүй байдал үргэлжилсээр байгаа. Түүнчлэн хариуцлагатай албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог нь мэдлэг, туршлага, ур чадвартай, мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгааг үндэслэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар төрийн албанд анх орох иргэд, төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид мэдлэг, ур чадвараараа шударга өрсөлдөж томилогддог, мэргэшсэн, туршлагатай, чадварлаг төрийн албыг бүрдүүлэх боломж бий хэмээн үзсэн байна. Хуулийн төсөл нийт 6 зүйлтэй бөгөөд холбогдох найман хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хамтад нь боловсруулснаа Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын даргад танилцуулсан. 
 
 
Мөн иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилго бүхий Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, Улсын Их Хурлын болон өөрийн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах нарийн тодорхойлсон механизмыг бүрдүүлэх зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгасан байна. Нөгөө талаар энэхүү боломжийг урвуулан ашиглахаас сэргийлэх зорилгоор нарийвчилсан зохицуулалтууд буюу мэдээллийн хүртээмжтэй ба бодитой байдал, үйл ажиллагаа, санхүүгийн ил тод, хяналттай байдал болон иргэд өөрсдөө асуудалд шүүн тунгааж оролцож болохуйц цаг хугацааны боломжит нөхцөл, иргэдээс санал асуулга явуулахаар санаачлах хүрээ хязгаар механизмуудыг тусгажээ. 
 
 
Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймаг, орон нутгийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг оролцуулан нийт 31 удаа явуулахад 1700 орчим хүн оролцсон талаар төслийн танилцуулгад дурдсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин