Дэлхийн онцлохуудыг Шууд нэрлэж байна
2016-12-28

Энэ оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

 

 

Зика вирустай зуны олимп

 

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо XXXI удаагийн зуны олимп өнгөрсөн наймдугаар сарын 5-21 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан юм. “Рио”-гийн олимпод 205 орны 11544 тамирчин оролцжээ. Өмнөд Африк энэ онд анх удаагаа зуны олимпийн зохион байгууллаа. Олон орон тус улсад бүртгэгдээд буй зика вирусын халдварын улмаас “Рио”-гийн олимп руу тамирчнаа илгээхээс татгалзсан. Мөн иргэдээ тус улс руу зорчихгүй байхыг уриалсан юм. Учир нь зика вирус Бразилийн зүүн хэсэгт бүртгэж, таван сая хүн халдвар авчээ. Халдварын улмаас 6000 гаруй жижигхэн толгойтой хүүхэд мэндэлсэн байна. Олимпийн дараа халдвар авсан иргэдийн тоо гурав дахин нэмэгдсэн талаар ДЭМБ мэдэгдсэн билээ.

 

Америкчуудын шинэ сонголт

 

 

Тэрбумтан, бизнесмэн Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Трамптай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өрсөлдсөн ч мандатын тоогоор ялагдал хүлээсэн юм. Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөнө.

 

Британи, Европын холбоог орхилоо

 

 

Их Британи улс Европын холбооноос гарах асуудлаар өнгөрсөн зургаадугаар сард тус улсад бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан юм.  Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 51.8 хувь нь Британийн Европын холбооноос гарахыг дэмжсэн бол 48.2 хувь нь Британийг Европын холбооноос гарахыг дэмжээгүй байна. Санал асуулгын дүнг нийтэд танилцуулсаны дараа тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон огцорч, Тереза Май түүний орыг авсан билээ.

 

Пак Ын Хэг солонгосчууд уучилсангүй

 

 

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсан гэх асуудлаас болж, түүний нэр хүнд огцом унасан билээ. Уг хэргээс гадна түүнийг найзынхаа хамтаар авлига авсан, мөнгө угаасан, хандив нэрийн дор томоохон компаниудыг дарамталж, авлига авсан хэмээн буруутгасан юм. Парламент Ерөнхийлөгчдөө итгэл  хүлээлгэх асуудлаар санал хураалт явуулсан ч 300 гишүүний 240 нь Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэхээс татгалзаж, Пак Ын Хэ суудлаа түр огцроод байна.

 

Террористуудын сүүдэр багассаар

 

 

Сири улсад 2011 оны дөрөвдүгээр сард иргэний дайн дэгдэж, өнөөг хүртэл тус улсад эмх замбараагүй байдал газар авсаар байна. Иргэний дайнаас гадна тус улсад Исламын улс бүлэглэлийнхэн хяналтаа тогтоохыг санаархах болсон билээ. Тус бүлэглэл Сирийн газар нутгийн 40 орчим хувийг хяналтадаа авч, томоохон хотуудыг эзэлсэн билээ. Сирийг террористуудаас чөлөөлөх ажилд дэлхийн 10 гаруй оролцож байна. Тэгвэл Сирийн армийнхан 2011 онд дэгдсэн иргэний дайны дараа анх удаагаа ялалт байгуулсан үйл явдал өнгөрсөн сард боллоо. Армийнхан олон улсын дэмжлэгтэйгээр 2014 оны долоодугаар сард исламын улс бүлэглэлд алдаад байсан 4500 мянган жилийн настай Алеппо хотыг чөлөөлсөн юм.  

 

Онцлох орон Орос

 

 

Энэ онд ОХУ- тай холбоотой олон үйл явдал боллоо. Сэргээшийн дуулианаас болж “Рио”-гийн олимпод Оросууд бүрэлдэхүүнээрээ оролцож чадаагүй бол “Рио”-гийн паралимпийн олимп тус улсын ганц ч тамирчин оролцоогүй юм. Дэлхийн Сэргээшийн эсрэг байгууллага Оросын тамирчид зохион байгуулалттай сэргээш хэрэглэдэг хэмээн мэдэгдэж, Дэлхийн олимпийн хороог тус улсын  тамирчдын эсрэг хориг тавихыг шаардсан юм.  Мөн Оросууд, Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргүүдээ эргүүлэн татсан билээ. Гэхдээ бүх цэргээ татаагүй бөгөөд өнөөг хүртэл Сирид үлдсэн цэргүүд террористуудын эсрэг тэмцэж байна. Украин, Сирийн асуудлаас бол Европын холбоо, АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг хориг тавьж, дарамт үзүүлсээр байгаа юм. Спорт, санхүүгийн хувьд хүндхэн байдалтай нүүр тулаад буй Оросууд хоёр долоо хоногийн дотор давхар цохилтод өртсөн билээ. Тус улсаас Анкара хотноо суугаа Элчин сайд Андрей Карлов бусдын гарт амиа алджээ. Мөн уг хэргээс арван өдрийн дараа ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц Сочи хотоос хөөрөөд хоёрхон минутын дараа осолджээ. Ослын улмаас 93 хүн амиа алджээ.

 

54 жил үргэлжилсэн дайн зогсов

 

 

Колумб улсад 54 жил үргэлжилсэн иргэний дайн энэ онд дуусгавар боллоо. Засгийн газар, зэвсэгт “Фарк” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулж, харилцан буулт хийлээ. 50 жил үргэлжилсэн дайны уршгаар 250 мянган хүн амиа алдаж, таван сая хүн дүрвэжээ.  Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос “Фарк” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулсанаар 2016 оны Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ.  

 

Спортын түүхэн дэх “Хар өдөр”

 

 

Колубмын Меделлин хотноо Өмнөд Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах байсан. Аваргын төлөө Колумбын хөлбөмбөгийн “Атлетико Национал” багтай Бразилийн дээд лигийн  “Шапекоэнс” баг тоглохоор болсон билээ. Харамсалтай нь “Шапекоэнс” багийнхан зорчиж явсан “Avro RJ85” онгоц зорьсон газраа очиж чадалгүй осолдсон билээ. Ослын улмаас 75 хүн амиа алдаж, зургаан хүн амьд үлджээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид харамсалтайгаар амиа алдсан хөлбөмбөгчдөд туслахаар хандивын тоглолт зохион байгуулсаар байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин