Улс төрийн онцлохуудыг ШУУД нэрлэж байна
2016-12-31

 

2016 он Монголын улс төрийн түүхэнд цоо шинэ хуудсыг эхлүүлж,  мөрөө тодоос тод үлдээж байна.

 

Үнэмлэхүй олонхитой шинэ парламент

 

 

Улс төрийн мөчлөгийн дагуу энэ он сонгуулийн жил байлаа. Иргэд, сонгогчид бид бүтэн жилийн турш сонгуулиас сонгуулийн хооронд улс төрөөр амьсгалсан гэхэд болно. 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, шинэ парламент бүрдсэн.

 

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа парламент дахь эрх баригч  хүчин АН сонгуулийн тойргийг зураглан, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулах хуулийг баталсан байлаа. Гэвч  сонгуулийн үр дүн эрх баригчдын эсрэг гарлаа. Өмнөх парламентын бүрэлдэхүүн олонхигүй, олон суудал авсан АН бусадтай хамтарч Засгийн газраа байгуулж байсан. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сөрөг хүчин байсан МАН 65 суудал авч, ялалт байгууллаа. Ийнхүү тэртээ 16 жилийн өмнөх МАН /хуучнаар МАХН/-ын ялалтыг дахин давтав.

 

Эдүгээ шинэ парламент  МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд байна.  УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболд,  УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нар тус тус томилогдон ажиллаж байгаа юм.

 

Үүргээ сайн биелүүлээрэй, эрх баригчид аа

 

 

МАН-ын парламентад 65 суудал авч, үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа. Тиймээс ч Засгийн газраас дангаар байгууллаа.  Гэхдээ ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлдэг зарчим мөрдөгдсөнгүй.  Намын дарга нь гүйцэтгэх засаглалаа бус парламентын удирдаж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томиллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим 13 яам, 16 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 Эдийн засгийн хямралын энэ үед Засгийн газрын танхимыг мэргэжлийн багаар бүрдүүлнэ гэдгийг намын дарга нь амлаж байлаа. Гэхдээ өнөөдөр Сангийн яамыг бизнесмэн,  ХХААХҮЯ-ыг морь уяач, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг Монголын тэргүүн баяны эрх хүү удирдаад явж байгаа болохоор одоо ч эдийн засаг сэргээгүй хэвээр үргэлжилж байна гэсэн олны шүүмжлэл дагуулсаар.

 

МАН УИХ-д төдийгүй орон нутагт ч олонхийн суудал авсан юм.  УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд давхар ялалт байгуулсан МАН сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөн л яллаа. Ийнхүү сонгогчид төр, засгийн эрхийг улс төрийн ууган хүчинд МАН-д  шилжүүлэн өглөө. Ирэх дөрвөн жилд эдийн засгийг сэргээн, улс орныг хөгжлийг урагшлуулах үүрэг  МАН-д ногдлоо. Сонгогчид эрхийг нь олгосон, үүргээ сайн биелүүлээрэй, эрх баригчид аа.

 

Шинэчлэгдэхээр тэмүүлж буй АН

 

 

Сөрөг хүчин АН-ын тухайд парламентад цөөнхийн цөөн суудал авлаа. Энэ нь эрх барьж байх хугацаандаа Засгаа огцруулж, эдийн засгийн хямралыг түргэтгэн, иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсний шийтгэл гэж ойлгож болно. Учир нь АН-ыг парламентад олон суудал авч байх 2012 онд эдийн засаг сэргэн мандаж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, валютын урсгал тэрбум тэрбумаараа Монгол руу орж ирж байсан үе. Дээр нь “Чингис”, “Самурай” “Мазаалай” бонд босгон бүтээн байгуулалт нэрийн дор валютыг гарын салаагаараа цацан туйлсан нь маргашгүй үнэн.  Энэ бүхэн иргэдийн амьдралд мэдрэгдээгүй нь даанч харамсалтай. Харин өнөөдөр шинэ эрх баригч хүчин МАН эдийн засгийн хүндрэлтэй, гадаадын зээлийн эргэн төлөх хугацаа тулсан, валютын хомсдолтой улс орныг хүлээж аваад байгаа.

 

Харин одоо сөрөг хүчин АН ялагдлын хариуцлагаа хүлээж, намдаа шинэчлэл өрнүүлэхээр Их хурлаа хийж, шинэ оноо сонгууль ажилтайгаар угтаж байгаа.  Шинэчлэлийг удирдах намын даргын сунгаа энэ өдрүүдэд ид өрнөж байна. АН-ын даргын сунгаанд Н.Алтанхуяг,  Ж.Батзандан, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын эрхмүүд өрсөлдөж байгаа юм. Гэхдээ явцын дундаас Н.Алтанхуяг нэрээ татах, Ж.Батзандан санал хуваах эс үйлдэл харуулах сценаритай юм билээ. АН ямар ч үед бужигнаан, будилаантай байдаг хүчин.  Тус намын шинэчлэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч гаднаас нөлөөлж байгааг ажиглагчид гадарлах бус доторлож байгаа. Хэрвээ АН-ын экс дарга Н.Алтанхуяг  өөрийн хүнээ  Д.Эрдэнэбатыг намын даргад томилуулж чадвал  Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нээгднэ гэж үзэн зам мөрөө засч яваа дуулдана лээ. Учир нь АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, харин 2020 оны сонгуульд намаа ялуулах их үүрэг хүлээх юм. Ямартай ч Сар шинийг  сөрөг хүчин АН шинэ даргатай угтана. АН-ын шинээр сонгогдох дарга шинэчлэл хийх эрхэм үү, хуучин фракцуудын төлөөлөл үү гэдгийг олон нийт ажиглаж л байна.

 

Монголоор амьсгалсан өдрүүд

 

 

Өнгөрч буй 2016 онд дэлхий орон орны удирдагчид Монголын хөх тэнгэрийн дор  чуулсан бахархам сайхан түүх үлдээж байна.   Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай явуулсан юм . Дээд түвшний уулзалтад  10 улсын төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын тэргүүн,  16 орны  Гадаад хэргийн сайд нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамт оролцсон Дээд түвшний уулзалтаас Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл гэсэн хоёр том баримт бичиг гаргасан юм.  Энэхүү дээд түвшний уулзалтын үеэр Ази-Европын 20 жилийн ойг тэмдэглэсэн.  Хоёр өдөр үргэлжилсэн АСЕМ-ын хүрээнд нийтдээ 62 уулзалт болж,  АСЕМ-д хүрэлцэн ирсэн улс орны удирдагч, дээд түвшний төлөөлөгчид өөр хоорондоо 100 гаруй албан ёсны уулзалт хийжээ. АСЕМ-ын уулзалтаар Бизнесийн уулзалт, Ард түмний чуулга уулзалт, Парламентын чуулга уулзалт, Залуучуудын чуулга уулзалтаас гарсан баримт бичгийн тайланг сонслоо. АСЕМ-ын уулзалтад зүориулж бэсрэг наадам зохион байгуулсан юм.

 

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулснаас үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан байна. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар 6 хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулжээ. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургаж бэлтгэсэн байна.  АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдлыг  8-10 сая ам.доллар байна хэмээн тухайн үедээ тоймлож байсан юм.

 

Юутай ч Ази Европын дээд түвшиний уулзалт Чингисийн Монголыг дэлхийн анхаарлын төвд дуурсган үлдээсэн юм.

Н.Энхлэн

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин