Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжив
2017-01-03

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  СЕХ-ноос  УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тус тусдаа дангаар хэрэглэгдэх нь зүйтэй байна гэсэн саналыг ирүүлсний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.  Олон намын төлөөлөлтэй байсан УИХ  байх үед олонхийн зөвшилцлөөр гаргасан хуулийг суурь болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд байсан шаардлагатай гэж үзсэн зарим зарчим, зүйл, заалтуудыг мөн тусгажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл 14 бүлэг, 103 зүйлтэй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ.

 

Нэр дэвшигчийн сонгуулийн суратлчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, мөн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авч өгдөг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

 

 Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.  Байнгын хорооны хуралдаанд УИХ дахь АН-ы бүлгийн гишүүд оролцсонгүй. Тиймээс гишүүн О.Баасанхүү “Энэ хуулийн төслийг парламентад суудалтай гурван намын төлөөлөл байж хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал хэлсэн юм . Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа гишүүн манай байнгын хороонд хамаардаг. Гэхдээ энэ гурван гишүүн чөлөө авсан байгаа. Мөн З.Нарантуяа гишүүн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан. Энэ хуулийн төслийг  хэлэлцэхийг дэмжвэл дараагийн хэлэлцүүлэг үргэлжилнэ. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авах асуудал байхгүй болов уу” хэмээлээ.

 

Үүний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин