Түр зогсолтод орсон гадаадын хөрөнгө оруулалт
2017-01-04

 

Эдийн засаг хямралтай, валютын нөөц  хомсдолтой байгаа энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах,  валютын урсгалыг нэмэгдүүлэхээр төр, засгийнхан толгойгоо гашилгаж байгаа нь нууц биш. Оны өмнөхөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар баахан  судалгаа явагдсан. Гэхдээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь шийдвэрлэгдээгүй л байна. Олон улсын зах зээлээс мөнгө босгох, зээл авахаар хэлэлцээр хийгдсэн ч түр зогсолтод ороод байгаа.

 

Шинэ төр, засаг байгуулагдсанаасаа  хойш цаасан дээр хууль боловсруулан баталснаас бус хөрсөн дээр  хэрэгжүүлж, хүн ардад өгөөж нь мэдрэгдсэн зүйл нэгээхэн ч алга. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр өнгөрсөн онд батлагдсан хэдий ч хэрэгжилт, үр дүн нь энэ жилдээ биш алсуур гарах юм билээ. Ер нь өмнөх төр,  засгийн хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааг шүүмжилж, шалгах ажил эрчимтэй үргэлжилж байна. Ялангуяа Чингис бондын зарцуулалт, Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж дуусаагүй хэвээр. Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс өөрийн үндсэн хөрөнгийг нь нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн баталсан. Явцын дунд энэ банкны нэр ч солигдох магадлалтай байна. Гадаадын зээл, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрт Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж ирсэн. Учир нь гишүүн Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслөөр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, банк, санхүүгийн системийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, гадаадын банкны салбар нэгж нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэжээ. 

 

Манай улсын хувьд гадаадын банк, санхүүгийн байгууллагад дотоодын банкинд хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр нэвтэрч иржээ.  Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй нийт 14 банкнаас 8 банк гадаадын хөрөнгө оруулалттай. Эдгээрээс 3 банк гадаад банкны хувьцаа эзэмшигчтэй  аж.  Гадаадын  банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг  хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрчээ. Харин өнөөдрийн тухайд иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага урган гарсан байна.

 

Таван бүлэг,  21 зүйлтэй  уг хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагачид үзэж байгаа юм.  Тухайлбал, хөгжиж буй улс орнуудын банкны гадаадын хөрөнгө  оруулалт нэмэгдэх нь шинэ технологийг зах зээлд нэвтрүүлж, боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлдэг байна. Гадаадын хөрөнгө  оруулалттай  банк нэмэгдэх нь банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, , зээлийн хүү буурдаг сайн талтай аж.

 

Цаашлаад валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эдийн засгийн  эергээр нөлөөлдөг олон улсын туршлага бий.  Хуулийн төсөлд зааснаар Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагч сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн орны болон бусад орны Банкны тухай хууль болон түүнтэй холбоотой хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс үүдэн банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй  нэгэн байх гэнэ. Мөн   Монгол улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж нэгээс  доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаагүй байх зэрэг шаардлагыг тавьжээ.

 

Хөрөнгө оруулалтын банк байгуулагсданаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хямд эх үүсвэр болох үүрэгтэй гэж хууль санаачлагачид үзэж байна. Өнөөдрийн тухайд  100 сая болон түүнээс дээш ам.долларын төсөл хөтөлбөрийг манай дотоодын банкууд  санхүүжүүлж чаддаггүй байна. Ингэхдээ гаднын  хөрөнгө оруулагчид дотоодын банкуудын  зах зээлд халдахгүй. Харин банк хоорондын зах зээл дээр ажиллах гэнэ.  

 

Эдийн засагт валютын хомсдол үүсч, гадаадын хөрөнгө оруулалт буурч, хямралттай байгаа энэ үед олон улсын банк санхүүгийнхэнд Монголын үүд хаалга нээлттэй байх хэрэгтэй гэж хууль санаачлагач үзжээ.

 

Гэхдээ хууль батлагдсанаар санхүүгийн зах зээлд  үр дүнд нь шууд нөлөөлж чадахгүй. Учир нь манай хууль эрхзүйн орчин тогтворгүй байдаг. Дээр нь өнөөдрийн цаг үед хөрөнгө оруулагчид биднээс нүүр бууруулсан байгаа. Тэдний итгэлийг олохын тулд хууль эрхзүйн орчноо тогтвортой байлгах хэрэгтэй гэж улстөрчид ч, бизнесмэнүүд ч ярьдаг.

 

Ямартай ч энэ хууль батлагдсанаар  санхүүгийн зах зээлээ олон улсад либеральчлах эхний алхам хийгдэж байгаа юм байна. Харин гадаадын хөрөнгө оруулалтын итгэл сэргэх нь төр, засгийн бодлогоос үл хамаарах  цаг хугацааны асуудал болоод байна, өнөөдөр.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гадаадын хөрөнгө оруулалттай банк гээд толгойгоо гашилгаад хэрэггүй.Тусгай хамгаалалттай газар,байгалийн цогцолбор газар гэж дэмжээд бусдын ашиглалтын лицензтэй орд газруудыг хүчингүй болгосон.Тэр орд газруудаа ашиглаад орон нутагт ажлын байр бий болгох асуудлаа шийдээ.Бусдаас гуйхын оронд хүчингүй болгосон лицензээ ашиглаач дээ юу ч гэсэн эргэж олгосон зээлээ нэхэхгүй шүү.
2017-01-04