Пак Ын Хэ шүүх хуралд дахин оролцсонгүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ өнөөдөр зохион байгуулагдсан Үндсэн хуулийн ээлжит шүүх хуралд дахин оролцоогүй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгчийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гаригт Үндсэн хуулийн шүүх анх удаагаа хуралдсан боловч Пак Ын Хэ уг шүүх хуралд оролцоогүй билээ. Ерөнхийлөгчийг ирээгүйтэй холбогдуулан шүүх хурлыг энэ сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг албаныхан гаргасан юм.
Пак Ын Хэгийн өмгөөлөгч Пак “Онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд шүүх хуралд оролцох боломжгүй” гэж мэдэгджээ. Өмгөөлөгч өнөөдөр “Ерөнхийлөгч дээрх шүүх хуралд оролцохгүй” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэнд хэлсэн байна. “Пак Ын Хэ өнөөдрийн шүүх хуралд ирэхгүй байсан ч түүнгүйгээр хуралдаан үргэлжлэх болно” хэмээн албаныхан өмнө нь мэдэгдээд байсан юм. Шүүх бүрэлдэхүүн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлсэн гэнэ.
Тус улсын парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэх асуудлаар санал хураалт явуулсан билээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэхээс татгалзсанаар Пак Ын Хэ огцорсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ