6,1 сая толгой малын махыг экспортлох нөөц байна
2017-01-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

- Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг 2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 , будаа, өндөг, жимс, жимсгэний хувьд 23-45 хувьтай байна.

 

2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мян.тн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мян.тн шингэн сүү, 118.7 мян.тн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мян.тн гурил, 55.1 мян.тн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мян.тн төмс, 72,3 мян.тн хүнсний ногоо үйлдвэрлэжээ.

 

Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах, махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгджээ.

 

Монгол Улсын стратегийн хүнсний хангамжийн 2017 оны төлөв хандлагыг танилцуулья.

 

Холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачдын хийсэн судалгааны дүнгээс авч үзвэл 2017 онд нийт 11,6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн махыг бэлтгэх боломжтой гэсэн тооцоо байна. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мян.тн махыг экспортлох боломжтой,  мөн 6,1 сая толгой малын махыг бэлтгэн гадаад зах зээлд экспортлох нөөц байна.

 

Үндэсний Статистикийн хорооны даргын тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж тооцож үзэхэд 2017 онд дунджаар 130,0 мянган тн сүү, 180,0 мянган тн сүүн бүтээгдэхүүн шаардагдахаар байна.

 

Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 72 хувьтай байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.

 

  Сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж, өвөл, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын 90 хүртэл хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүүг хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээнд 4,4 мян.тн хуурай сүү импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

 

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардах хөрөнгө оруулалт дутагдалтай байсан нь хэрэгжилтэд голчлон нөлөөлсөн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

  Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний стандарт, техникийн зохицуулалт, түүний хэрэгжилт чухал ач холбогдолтой байдаг. Хүнсний салбарт нийт 753 стандарт, үүнээс заавал мөрдөх 379, зөвлөмжийн шинжтэй 374 стандарт мөрдөгдөж байна.

 

Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд цаг хугацаа, зардал ихээр шаарддаг тул манай дотоодын аж ахуйн нэгжүүд өргөнөөр хамрагдаж чадахгүй байна.

 

Хүнсний бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн 65 лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр лабораториудын нэгдсэн сүлжээг зохион байгуулах, чадавхийг нь дээшлүүлэх, лабораторийн хүний нөөцийг сургаж бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн хяналт, шалгалтын дүнгээс товч танилцуулья.

 

  Хүнсний үйлдвэр, цехүүдийн төлөвлөгөөт хяналт, шалгалтад хамрагдсан 468 аж ахуйн нэгжийн 11 хувь нь эрсдэл ихтэй, 57 хувь нь дунд, 32 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

 

Хүнс худалдаалах үйл ажиллагаанд хийсэн шалгалтад хамрагдсан нийт 1100 хүнсний худалдааны газрын 41 хувь нь бага эрсдэлтэй, 52 хувь нь дунд эрсдэлтэй, 7 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

 

Хүнсний хангамж, хүрэлцээ, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал Засгийн газрын байнгын анхаарлын төвд байсаар ирсэн. Цаашид  ч энэ асуудалд Засгийн газар улам их анхаарал тавьж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллах болно хэмээлээ. Ерөнхий сайдын мэдээллийн дараагаар УИХ дахь АН-ын дүгнэлтийг танилцуулав.

 

Үүний дараагаар Дэгийн дагуу цөөнхийн бүлгийн гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-1990 онд Монгол Улс 25 сая толгой малтай байсан. Өнөөдөр малын тоо толгой 3 дахин өсч, 65 сая болсон байгаа. Малын өвчлөлтэй холбоотой асуудал их байна. Булангийн орнууд руу мах экспортлох талаар ямар арга хэмжээ байна вэ?  Махны экспортыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримтлах вэ?

 

-Малын гаралтай түүхий эдийн борлуулалт гэдэг асуудал мал эрүүлжүүлэхтэй шууд холбоотой. Мал эрүүлжүүлэх ажлаа эхлээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Халдварт өвчний голомттой газрууд их байсан. Засгийн газрын нөөцөд үлдсэн байсан бүхий л хөрөнгийг мал эрүүлжүүлэхэд зарцуулсан. ОХУ-ын Засгийн газар малчдад дэмжлэг үзүүлж, цэцэг өвчний вакциныг 3 дахин бууруулсан үнэхээр авахаар болсон. Вакцинжуулалт хийгдэж байгаа. Тээврийн өндөр зардалтай булангийн орнуудад мах экспортлохоосоо илүүтэй хөрш орнууддаа мах экспортлох асуудлыг анхаарч байна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Хүнсний хангамжийн дийлэнх хувь нэг орноос хараат байгаад ямар арга хэмжээ авч байна вэ? Хүнсний хангамж, хадгалалт муу байна. Засгийн газар Япон улсаас сүү, махны чиглэлийн үйлдвэр оруулж ирнэ гэж байсан. Үүнд ямар шалгуур тавьж байна вэ?

 

-Манайх дотооддоо чихэр, жимсгэний үйлдвэрлэлгүй учир импортоос оруулж ирдэг. Гэхдээ сүү, махан бүтээгдэхүүнийг дотооддоо хангах бүрэн боломжтой. Цаашдаа импортын бүтээгдэхүүнийг багасгах бодлого барьж байна. Хуурай сүүг экспортлох чиглэлээр ажил хийгдэнэ. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах асуудал тулгамдаад байна. Ногоо тарьдаг ч үнэгүйдээд байна гэж тариаланчид ярьж байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж дууслаа. Одоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Гана:
Хүний хязгаар байхгүй. Гэхдээ хөнжлийн хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Бид 100000 тн мах экспортолж 1 тэрбум ам доллар олох боломжтой гэж мөрөөддөг. Харамсалтай нь чардайж байж жилд арай гэж 5000 тн-г экспортолж байна. Хойт урд хоёр хөрш өлсөж цангасан, өрөвдмөөр ард түмэн биш ээ. Тэд маш их хөдөлмөрч, тэр хэмжээгээрээр дэлхийн шилдэг тансаг, чанартай бүхнийг хэрэглэх болсон ард түмэн. Зөвхөн Хятадын Чан-чун муж жилд 800000 тн мах бэлтгэдэг байна. Ядаж байхад манай мал халдварт өвчнөөс салахаа байсан.
2017-01-08
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-06