Үндсэн хуулин дахь Ерөнхий сайд
2017-01-09

 

1992 оны Үндсэн хуулийг батлахад Ардчиллын дуулианаар урам орсон олон нийт авсан эрх чөлөөний мэдрэмжээрээ уухайлан дэмжсэн. Гэхдээ хөрөнгөт нийгэмд хөл тавихаас бэргэж байсан цөөнгүй иргэд шинэ үндсэн хуульд шүтээч үгүй. Бараг зарим нь ойлгоо ч үгүй байсан. Учир нь бүхнийг Нам, улс төрийн товчоогоор шийддэгт дассан олонхийн ухамсарт засаглалын эрх хуваах, ард түмэн төр барилцах зэрэг нь үнэндээ төсөөлөгдөж буухгүй байсан. Цөөнгүй хэсэг нь байраа үнэгүй хувьчилж болох, дуртай үедээ гадаадад явж болох зэрэг тун прагматик байдлаар Үндсэн хуулиар баталгаажсан ардчиллыг үнэлж эхэлсэн байдаг.

 

 

 

Гэхдээ  үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, оршин суух газар орноо өөрийн дураар сонгох,  хуулийн өмнө эрх тэгш байх зэрэг хүний эрх, ардчиллын суурь зарчмууд нь  Үндсэн хуулиар баталгаажиж байгааг ойлгож байсан.  Харин эцэг хууль доторх суурь зарчмуудыг эрх барьсан улс төрч залуучууд нь хэрхэн хэрэглэж , яаж гажуудуулж болохыг бол 25 жилийн хойно саяхан ойлгож эхэлж байна.

Улс төрийн нэг намын дарангуйллыг халж, олон намын өрсөлдөөнөөс ялсан нам  төрийн нэг интүүц болж,  эрх мэдлийн хувиарлалтад оролцохдоо юу болж ирэв. Шулуухандаа бол явцуу зорилгоор Үндсэн хуулийг гажуудуулж, өөрийнхөөрөө тайлбарлах болсон. Тухайн цаг үеийн эрх ашгаа хангасан хууль батлан түүнийгээ үндсэн хуульд нийцүүлэн тайлбарлахдаа гаршсан. Ийм байдлаар улс төрийн явцуу зорилгоо гүйцэлдүүлэх нь сүүлийн 10-д жилд дэндүү гэмээр болж байгаа.

 

Дордуулсан 7 заалтыг нуршихаа орхиж, Үндсэн хуулийн хэрэгжилтийг дээрдүүлэх тухай олон ажлын хэсгийн судалгааг ч энд үл нуршья. Үндсэн хуулийг үнэгүйдүүлэх “ажлын хэсэг” болчихоод байгаа манай намуудын бүлэг, нам дамжсан бүлэглэлүүдийг яаж хазаарлан үнэт зүйлтэй ардчилыг авч үлдэх вэ гэдэг асуулт тавих цаг болсон.

 

Үндсэн хуульд цохон зааснаар Төрийн эрх барих  дээд байгууллага УИХ. Гэхдээ энэ заалтын цаана их хурлаар  хэмжээгүй хаанчилж болохгүй гэдэгт хууль тогтоох эрх мэдлээр хязгаар тогтоож, шүүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглалыг эрх мэдлийн хувиарлалтад тэнцүү оруулж өгсөн. Өнгөрсөн 25 жилд улс төрийн нам үзэл бодол, хөгжлийн бодлогын нэгдэл бус хөрөнгө мөнгө бүлэглэлийн нэгдэл болж, энэ чанараа  төгөлдөршүүлэн  УИХ-д  байр сууриа бэхжүүлэх болсон. Энэ байдлаар НАМ төрийн эрх барихдаа  хяналтаас бүрэн гарч  шүүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглалаа атгах хандлага бий болж улмаар энэ нь зарим талаар бодитоор хэрэгжиж эхэлсэн.  

 

Засгийн газарт давхар дээлтэй гишүүд суух болсноор Их хуралтайгаа ах дүү ураг барилдаж, муу сайн булхайдаа бие биенээ харж үзсээр суух болсон. Ерөнхий сайд танхимын сайдууддаа үүрэг өгөх байтугай үгийг нь дагахгүй бол нөлөөтэй сайд нь “шүд сугалах” төлөвлөөгөөр айлгана. Сүүлийн засгийн газрууд бүгд сүүдрийнх буюу арилжаа мөнгөөр нэг бол бүлгийн кандитад болж шахаагаар орж ирсэн сайдуудаар тогтоол шийдвэрүүд, төсөв мөнгөний хувиарлалтаа мануулах болсон.  Энэ нөхцөлд өнөөх төрийн гурван баганын нэг өндөрлөг Гүйцэтгэх засаглал нь Их хуралдаа атгуулж, бие даасан байдлаа шууд алдаж байгаа. Энэ бол үндсэн хуулийн суурь зарчмыг уландаа гишгэсэн ч  “тунхаглан” тогтоогдсон дүрэм болчихоод байна.   Намын лидер нь төр барьж өөрийн багаар танхимаа бүрдүүлсэн ч өнөөх төрийн эрх барих дээд байгууллага Их хуралынхаа бүлэгт таалагдахгүй бол амархан унаж, амаа асуулгаж болохыг АН-ын Н.Алтанхуягийн засгийн газрын дууль харуулсан.

 

Одоогийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат ч нам нь олонх ч засгийн танхимаа өөрийнхөө шийдвэрт барьж байгаа гэхэд итгэх хүн ховор. Мэргэжлийн бус олонхтой , төрийн ажлын туршлага багатай эрээвэр хураавар баг бүрдсэн гэсэн шүүмжлэлтэй.  Хамгийн их болсовсон хүчний нөөцтэй гэдэг МАН яагаад ийнхүү эрээвэр хураавар багаар засгаа бүрдүүлэх болов. Төр барих тушлагатай бараг бүх хүмүүсээ шахан гаргасан томилгоо яагаад нүүрлэв. Хэрвээ үндсэн хууль зарчмаараа мөрдөгдөж Ж. Эрдэнэбат сайд улс орны өмнө, Их хурлын нүүрэн дээр үүрэх өөрийнхөө хариуцлагынхаа царыг харж, намын шууд нөлөөгүй, үндсэн хуулийн хүрээнд эрхээ эдэлж танхимаа бүрдүүлсэн бол цөөнгүй “мөнгөний ” тодотголтой сайдуудын нэр өнөөдөр өөр байх байсан.  Олон туршлагатай кадруудаа урин авчирч, ядаж улс орноо хямарлаас гартал сайдын ачааг үүрүүлэх байсан. Гэвч бодит хэрэг дээрээ Үндсэн хуулин дах Ерөнхий сайд танхимаа бие дааж бүрдүүлнэ. Хариуцлагыг дангаараа Их хурлын өмнө үүрнэ гэсэн зарчим гээгдсэн.  

 

Хөх тэнгэрийн доорх Үндсэн хуулийн манааг гарыг нь өргүүлсэн ажиллагаа өнгөрсөн жил буюу АН-ын эрх барих үед ил цагаан явагдсаны бараг нэг жилийн ойн дээр бид Анхны ардчилсан үндсэн хууль баталсныхаа “ээлжит ой ”-г  хийж байна.

Жил бүрийн энэ өдөр тавигдах асуулт олон болсоор байна. Төрийн эрх мэдлийн гурван оргилыг хамаарал ба үл хамаарлыг Үндсэн хуульд дахин тодотгох  уу.  Төрийн эрх барих дээд байгууллага УИХ –ын нэр хүнд яагаад доод цэгтээ хүрч унаад байна. Зарим шинэхэн гишүүдийн гомдоод байгаагаар ард түмэн соён гэгээрч чадахгүй, Түшээдийнхээ хичээл зүтгэлийг ойлгохгүй харанхуй бүдүүлэг яваад байна уу. Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдсөөр бид дасал болсон уу. 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hereggui yum hiij baih yum... shilen horgond shar tumruur burj tavihyhaa orond Undsen Huulia deedelj dagaj murduj baival sainsan, darga naraa...
2017-01-09
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-09
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-09