Пак Ын Хэ-г эсэргүүцсэн лам өөрийгөө шатаажээ
2017-01-09

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэтэй холбоотой дуулиан үргэлжилсээр байна. Энэ талаар “www.cdndelivery.net”сайт нийтэлжээ.

 

Сөүл хотноо болсон жагсаалын үеэр нэгэн лам өөрийгөө шатаав. Жагсагчид галыг унтрааж, түргэн тусламжийнхан ламыг авч явав.

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өчигдөр олон мянган жагсагч албан тушаалаа урвуулан ашигласан Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан ээлжит жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцогчдын тоо хэдийнэ сая давсан гэнэ.Тэд Ерөнхийлөгчөө өөрийн хүсэлтээр огцорч, хуулийн байгууллагынхнаар шалгуулахыг шаардаж байна. Солонгосчууд 11 дэх удаагаа Ерөнхийлөгчөө огцрохыг ийнхүү шаардаж буй юм.

 

Тэгвэл дээрх жагсаалын үеэр нэг лам өөр дээрээ шатамхай бодис асгаж, өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ. Сөүл хотноо байрлах нэгэн сүмийн 64 настай лам өөрийгөө шатаасан аж. Уг үйл явдлын үеэр ламтай ойр байсан иргэд галыг шуурхай унтрааж, түргэн тусламж дуудсан байна. Тэрбээр биедээ  гэмтсэн их авсан бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Лам өөрийгөө шатаасан нь ганцхан Ерөнхийлөгчтэй холбоотой биш хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв.Дэлхийн II дайны үеэр Японы армийнхан олон мянган охид, бүсгүйчүүдийг хүчирхийлэн тамлан зовоодог гэх асуудал өнөөг хүртэл олны анхаарлыг татдаг билээ. Эдгээр бүсгүйчүүдийг Японы армийнхан “тайтгаруулагчид” хэмээн нэрийддэг байжээ. Дайны үеэр ойролцоогоор 200 мянган бүсгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд эдгээр бүсгүйчүүдийн ихэнх нь солонгос бүсгүйчүүд байсан гэнэ.

 

Өмнөд Солонгосын Иргэний хөдөлгөөний хэсэг гишүүн өнгөрсөн долоо хоногийн эхээр Бусан хотноо байрлах Японы Консулын газрын эсрэг талд дайны үеэр бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос бүсгүйчүүдэд зориулан урласан сандал дээр сууж буй охиныг дүрсэлсэн хүрэл хөшөөг байршуулсан билээ. Уг үйл явдлаас болж Японы Засгийн газар өнгөрсөн пүрэв гаригт Өмнөд Солонгос дахь Элчин сайд Ясүмасү Нагаминэ болон Бусан хот Японы Ерөнхий консулыг эргүүлэн татах шийдвэр гаргасан юм.Японы дээрх үйлдлийг Сөүлийн эрх баригчид “хөөрхийлөлтэй” хэмээн тодорхойлсон аж. 2015 оны эхээр хоёр улсын удирдлагууд “тайтгаруулагчид” гэх бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос бүсгүйчүүдийн талаар анх удаагаа уулзаж, ярилцсан юм.Уулзалтын дараа Токио хохирогчдод нэг сая иенийг нөхөн төлбөр өгөхөө илэрхийлэн уг асуудлаар дахин хэлэлцэхгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Харин Сөүл уг саналыг хүлээн авчээ.Лам өөрийгөө шатаасан гол шалтгааныг “Сөүлийн удирдлагууд хэтэрхий хямдханаар ард түмнээ худалдаж, үнэн түүхийг ард түмнээсээ нуухыг хүссэн. Дайны үеэр бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бүсгүйчүүдийг тэд мартахыг хүсч, Японы мөнгийг авсан. Энэхүү саналыг санаачилсан Пак Ын Хэ огцор. Ерөнхийлөгч эмэгтэй хүн атлаа хэтэрхий цэвдэг зан гаргасан. Тэр хэдхэн мөнгөөр харгислалын түүхийг нуухыг оролдсон” хэмээн мэдэгджээ. Японы түрэмгийллийн үеэр бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэгдэх солонгос бүсгүйчүүдээс өдгөө 47 нь амьд сэрүүн байна.

 

Японы эзлэн түрэмгийллийн үед бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бүсгүйчүүдэд зориулан тус улсын иргэний хөдөлгөөнийхөн хөшөө урлажээ.

 

Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ төрийн албанд ганц ч жил ажиллаж байгаагүй найзаараа хянуулдаг байсан гэх асуудал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард илчлэгдсэн билээ.Уг хэрэг цаашаа явах тусам хүндэрч байсан юм.Ерөнхийлөгч найзынхаа хамтаар гурван хандивын данс нээж иргэдээс хандив авдаг байжээ. Харин эдгээр дансууд хандив нэрийн дор мөнгө угаадаг байсан гэх баримтыг прокурорууд олсон билээ.

 

Тэд хандивын дансаараа томоохон компаниудаас авлига авч, мөнгө угаадаг гэв. Гэхдээ уг мэдээллийг батлах албан ёсны баталгаатай баримт олдоогүй байна. Прокурорууд Ерөнхийлөгчийн найз гэгдэх Чой Сун Шил болон түүний охин Чун Ю Раг баривчлаад буй юм.Парламентийн гишүүд Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэхээс татгалзсан байгаа юм.Ерөнхийлөгчийн суудлаас нь эргүүлэн татах эсэхийг тус улсын Үндсэн хуулийн цэц эцэслэн шийднэ.Өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн хэрэгтэй холбогдуулан Үндсэн хуулийн шүүх хурал хоёр ч удаа зохион байгуулагдсан ч хэргийн эзэн Пак Ын Хэ оролцоогүй юм. Түүний өмгөөлөгч “Үндсэн хуулийн шүүх хуралд Ерөнхийлөгч цаашид оролцохгүй” гэсэн билээ.

 

Авлигийн дуулианаас гадна 300 гаруй хүүхдийн аминд хүрсэн “Севол” хөлгийн сүйрлийн үеэр Ерөнхийлөгч гоо сайхны хагалгаа хийлгэж байсан гэх асуудал түүний нэр хүндийг огцом унагааж, ард түмнээ өөрийнхөө эсрэг нэгдүүлэхэд хүрсэн юм.“Севол” хөлөг осолдох үед Ерөнхийлөгч долоон цаг орчим сураггүй байжээ.  Түүнийг энэ хугацаанд “арьсаа татуулах гоо сайхны хагалгаа” хийлгэж байсан гэх баримтыг сөрөг хүчнээс дэлгэсэн юм.Уг хэргийг цагдаагийнхан шалгаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Бухимдаа:
Улсыг нь улс биш болгох гэсэн холын хаялагийг мэдэхгүй, нийтээрээ нийлж, хүүхэдээ хүртэл турхирч, японтой арцалдаж байгааг харахад Солонгосууд нэг л биш ээ... Толгой нь бүрэн эргэжээ.... Удахгүй ухаарсан ч бүх юм өнгөрсөн байх болно.
2017-01-11