Бид УТАА-г ялна

Саяхан л агаарын бохирдлоос болж, Бээжин иргэддээ анхааруулга өгч, амны хаалт тарааж, сургууль, цэцэрлэгээ түр хугацаагаар хаалаа. Гэтэл Монгол яав хэмээн ам асууж суулаа. Харин одоо бол Монгол ийм арга хэмжээ авлаа хэмээн бардам хэлэх дорвитой хэд хэдэн шийдвэр, арга хэмжээ байна. Засгийн газар, хотын захиргааны түвшинд цөөнгүй ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэр гаргаад байна.
“Үнэгүй” халаалтыг ашиглаарай
Цахилгаан халаагуур хэрэглэдэг Сонгинохайрхан дүүргийн айл тогны төлбөртөө сард 80 мянган төгрөг төлдөг байсан гэнэ. Харин одоо тал хувь нь тэрнээс ч бага мөнгийг тогондоо зарцуулах болсноо гэрийн эзэн сэтгэл хангалуун ярьж байна. Учир нь тэр айл цахилгаан үнэгүй байгаа шөнийн цагаар халаагуураа асааж, дулаан хуримтлуулаад, өдөр нь ашигладаг гэнэ. Эдийн засгийн хэмнэлттэй, хамгийн чухал нь тухайн айлаас утаа гарахгүй. Их хотын иргэний үүргээ “том” ухамсарласан нь энэ. Энэ мэтээр цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн Засгийн газрын шийдвэр бодит хөрсөнд бууж, гэр хорооллын иргэд зуухнаас татгалзаж эхэллээ. Гэхдээ бүгд биш. Цахилгаан халаагуур авах боломжгүй айл өрхүүд олон бий. Тэдэнд яаж туслах вэ?
Халаагуурыг зээлээр олгоно
Гэхдээ энэ асуудал бүрэн шийдэгдээгүй. Засгийн газар, хотын захиргааны түвшинд эрчимтэй яригдаж буй эл асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ байх. Өдөрт 3000 төгрөгөөр нүүрс авч түлдэг айл сая төгрөг гаргаад цахилгаан халаагуур авах нь хүндрэлтэй. Гэр хорооллын ихэнх айл цахилгаан халаагуур авах боломжгүй гэдгээ хэлж буй. Тиймээс Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ гэж хэлсэндээ хүрч, иргэдэд бодит боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна.
Орон сууцтай иргэдэд хот нээлттэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр захирамж гаргаж, 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Гэхдээ бүрмөсөн хорио цээр тогтоосон юм биш.
- Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүс
- Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэдэд энэ захирамж үйлчлэхгүй.
Монгол Улсын иргэн хаана амьдрахаа өөрөө сонгох Үндсэн хуулийн эрхтэй ч зайлшгүй шаардлагатай нөхцөлд ийм шийдвэр гаргах эрх нь хотын даргад хуулиар олгогдсон. Тиймээс утаа гаргагчдын тоог нэмэхгүй байх дараагийн алхам энэ.
Орон сууцыг хашаа байшингаар солино
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд барьсан “Буянт-Ухаа” хорооллуудад 200 орчим байр борлогдоогүй эзнээ хүлээж буй. Тус гурван өрөө байруудыг Нисэхийн айлуудад санал болгоно гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хэлж байна. Өөрөөр хэлбэл Нисэхийн айлууд хашаа байшингаа “Буянт-Ухаа” хорооллын гурван өрөө байраар сольж болно гэсэн үг. Иргэд энэ боломжийг хүлээн авснаар орон сууцтай болно. Харин Засгийн газар иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрөө ч хэрэгжүүлнэ. Хамгийн чухал нь утаа гаргагч яндангийн тоо цөөрнө.
Эцэст нь иргэн таны оролцоо
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат утаа гаргахгүй байх бүх боломжийг Засгийн газраас дэмжинэ гэдгээ удаа дараа мэдэгдээд буй. Харин энэ дэмжлэгийг авч, өөрийн болоод өрөөлийг эрүүл мэндэд бодит хувь нэмрээ оруулах боломж иргэдийн гарт байна. Засгийн газар шөнийн тарифийг хөнгөлж, цахилгаан халаагуурыг зээлээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоё гэж мянга орилоод иргэн та хэрэгжүүлэхгүй бол энэ шийдвэр цаасан л дээр үлдэнэ. Харин та бид хортой агаараар амьсгалсаар байх болно. Өнөөдрийн Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюултай түвшнээс дөрөв дахин их болчихоод буй. Энэ хортой нөхцөлийг та бид өөрсдөө бий болгож буй учраас төр засгаас тавьж буй санал, гаргаж буй боломжийг ашиглан, эрүүл амьдралын төлөө иргэн бүр оролцъё, нэгдье. Бид агаарын бохирдлыг ЯЛЖ чадна.
Гэр хорооллын иргэн та нүүрсийг бус цахилгаан халаагуурыг сонгоорой. Харин жолооч таны машин утаа их хаяад байгаа юм биш биз.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ