Хөгжлийн банкны хохирлыг нэхэмжилье

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагачид асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Шинэчилсэн найруулгад Хөгжлийн банкны хараат бус байдлыг хэрхэн хангасан бэ? Засгийн газрын нөлөөгөөр тус банкны үйл ажиллагаа явж ирсэн өмнөх жишгийг хэрхэн арилгах гэж байна вэ?
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:
-УИХ-аас Монгол Улсын 2030 онд баримтлах Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Мөн Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд хугацааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссан экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын хаврын чуулганаар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэсэн заалттай боловч уг заалт огт хэрэгжээгүй. Үүний оронд Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Шинэ хуулиар эдийн засгийн үр ашигтай, тооцоо судалгаатай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:
-Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Банкны тухай болон бусад уялдаатай холбоотой хуулиудтай зөрчилдөөнгүйгээр батлахад анхаарах шаардлагатай. Шинэчилсэн найруулгын төсөлд тус банкны хараат бус байдлыг хангасан заалтууд сайтар туссан байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Хамгийн түрүүнд уг банкны хараат бус байдлыг хангасан байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд улс төрчид их оролцсон. Ингэснээр улс орны эдийн засгийг дампуурах ирмэгт хүргэсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль батлагдвал улсын хөгжлийн чиглэл рүү ажлаа чиглүүлж, хараат бусаар ажиллах нь зүйтэй юм. Энд нэг асуудлыг хэлэхэд, тус банкны өмнөх удирдлагууд 3000 кв.м талбай бүхий байрыг 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байсан. Ингэснээр Хөгжлийн банк, цаашлаад улс орон хохирсон. Тиймээс нэхэмжлэл гаргаж, энэ мөнгийг олж авч банкны санд буцаан байршуулах хэрэгтэй.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ